Мэдээлэл

Арьсны хавдрын талаар мэдлэгээ нэмэгдүүлье

Арьсны хавдар гэж юу вэ?

Арьсны хавдар гэдэг нь арьсны эпидермис буюу хамгийн гадаад давхарга дээр гэмтэлтэй эсүүд замбараагүй үржихийг хэлдэг. Энэ нь эсийн ДНХ-н гэмтлээс үүсч бий болдог. Маш энгийнээр тайлбарлавал арьсны хавдар гэдэг нь арьсны эсүүдийн гажуудалтай өсөлтийг хэлдэг. 


Арьсны эсийн ДНХ-н гэмтэл нь арьсны эрүүл эсүүдийг мутацид оруулж тэдгээр эрүүл бус эсүүд маш хурдан хугацаанд үржиж улмаар хорт хавдар үүсдэг. Арьсны хавдрын үндсэн төрлүүдэд: -basal cell carcinoma (BCC), – squamos cell carcinoma (SCC), – Merkel cell carcinoma (MCC), -melanoma нар байдаг. Эдгээр төрлүүдийг тус бүрт нь авч үзье.

Basal cell carcinoma (BCC)

Юу вэ? Basal cell нь арьсны хамгийн гадаад давхаргын доод хэсэгт шинээр эс үйлвэрлэдэг эсийг нэрлэдэг. BCC нь арьсны ‘basal’ эсүүд гэмтэж, өөрчлөлтөд орсон гажуудалтай эсүүдийн огцом өсөлтийг хэлдэг.
Хаана үүсдэг вэ? Ихэнх тохиолдолд энэ төрлийн арьсны хавдар нь наранд ил гардаг биеийн хэсгүүд болох нүүр, чих, хүзүү, хуйх, мөр болон нурууны хэсгүүд дээр үүсдэг.
Юунаас болж үүсдэг вэ? Ихэнх BCC төрлийн арьсны хорт хавдар нь нарны эгц тусгалд урт хугацаанд байснаас үүдэлтэй байдаг.
Хэр их түгээмэл вэ? Энэ төрлийн арьсны хавдар нь хамгийн түгээмэл. Зөвхөн АНУ-д гэхэд л 1 жилд 3.6 сая гаруй хүн тус хавдараар өвчилж байна.
Хэр ноцтой вэ? BCC нь эрт үедээ илрүүлээгүй тохиолдолд ноцтой байдаг. Энэ төрлийн хавдар нь биеийн бусад хэсгүүдэд тархах боломжтой бөгөөд ховор тохиолдолд амь насанд аюул учруулдаг.

Squamous cell carcinoma (SCC)

Юу вэ? “Squamous” эс нь нарийн, хавтгай загасны хайрс шиг харагддаг ба арьсны гадаргууг бүрдүүлдэг давхаргад байдаг. SCC нь арьсны ‘squamos’ эсүүд гэмтэж, өөрчлөлтөд орсон гажуудалтай эсүүдийн огцом өсөлтийг хэлдэг.
Хаана үүсдэг вэ? SCC нь ихэнхи тохиолдолд биеийн наранд ил гардаг хэсгүүд болох чих, нүүр, хуйх, хүзүү болон гар дээр үүсдэг. Өөрөөр хэлбэл арьс нарны гэмтлээс үүдэн үрчлээтэж, нарны толбо үүсдэг хэсгүүдэд илэрдэг.
Юунаас болж үүсдэг вэ? Ихэнхи SCC нь урт хугацаанд нарны хэт ягаан туянд байх болон бие шарах төхөөрөмжнөөс болж үүсдэг байна.
Хэр их түгээмэл вэ? SCC нь арьсны хавдрын хоёр дахь түгээмэл төрөлд ордог. АНУ-д жилд 1.8 сая гаруй хүн энэ төрлийн хавдартай гэж оношлогддог байна.
Хэр ноцтой вэ? SCC хавдрыг эрт үед нь оношилж, эмчлээгүй тохиолдолд түргэн хугацаанд тархах аюултай байдаг. АНУ-д SCC арьсны хавдраар 15,000 гаруй тохиолдол эрт үед нь эмчлэгдээгүйгээс болж бүртгэгддэг.

Melanoma

Юу вэ? Melanocytes нь арьсны өнгийг бий болгодог меланин хэмээх пигментийг үйлдвэрлэдэг арьсны эсүүд юм. Melanoma гэдэг нь энэхүү эсээс шалтгаалан бий болсон хавдар болно.
Хаана үүсдэг вэ? Melanoma нь мэнгэ шиг харагддаг бөгөөд зарим тохиолдолд мэнгэнээс ч болж үүсдэг. Энэ нь биеийн аль ч хэсэгт бий болж болно.
Юунаас болж үүсдэг вэ? Melanoma нь ихэнхидээ урт хугацаанд, нарны эгц тусгалд байснаас болж үүсдэг.
Хэр их түгээмэл вэ? Энэ төрлийн арьсны хавдраар 2021 онд АНУ-д 207,390 шинэ тохиолдол нэмэгдэж илрэх таамаг байгаа бөгөөд үүний 106,110 нь хортой байна гэсэн судалгаа бий.
Хэр ноцтой вэ? Melanoma нь хамгийн түгээмэл 3 төрлийн арьсны хавдраас хамгийн аюултайд нь тооцогддог. Эрт үед нь оношилсон тохиолдолд melanoma-г эмчлэх бүрэн боломжтой байдаг. 2021 онд 7,180 тохиолдлоор тус арьсны хавдраар хүн нас барах таамаг байна.

Merkel cell carcinoma (MCC)

Юу вэ? MCC нь маш ховор хэдий ч аюултай төрлийн арьсны хавдар юм.
Хаана үүсдэг вэ? Энэ төрлийн хавдар нь илрэхдээ наранд ил гардаг хэсэг дээр хатуу, хөндүүргүй булцуу мэт гарч ирдэг (үүний тал хувьд нь толгой болон хүзүүний хэсгүүдэр, заримдаа нүдний зовхины хэсэг дээр).
Юунаас болж үүсдэг вэ? Ихэнхидээ энэ төрлийн хавдар нь Merkel cell polyomavirus хэмээх вирусээс хамааралтай байдаг бөгөөд наранд ил гардаг хэсэгт, 50-с дээш настай, цайвар арьстай хүмүүст түгээмэл илэрдэг байна.
Хэр их түгээмэл байдаг вэ? АНУ-д гэхэд жилд 3,000 шинэ тохиолдол илэрч, 700 хүн нас бардаг гэсэн тоон үзүүлэлт байдаг бөгөөд энэ тоо нь өсөх магадлалтай байна.
Хэр ноцтой вэ? MCC нь биед хурдан тархах маш өндөр магадлалтай байдаг учраас эрт илрүүлж, эмчлэх нь нэн чухал байдаг.

Арьсны хавдар үүсэх шалтгаан

Арьсны хавдар нь арьсны эсүүдийн ДНХ өөрчлөгдөж, мутацид орсон үед илэрдэг. Энэ өөрчлөлт нь арьсны эсүүдийг огцом ихэсгэж, их хэмжээний хавдрын эсүүдийг бий болгодог байна.


Хамгийн түгээмэл арьсны хавдрууд болох дээр дурьдсан “basal cell cancer”, “squamos cell skin cancer” нь нарны хэт ягаан (UV) туяанаас болж үүсдэг.
“Squamos cell” арьсны хавдар нь хавдар үүсгэгч зарим химийн нэгдлүүдтэй удаан хугацаанд харьцсан тохиолдолд мөн илрэх боломжтой.


Ихэнхи мэнгэ melanoma арьсны хавдар болон хувирдаггүй ч яагаад зарим мэнгэ хавдар болдгийг эрдэмтэд өдийг хүртэл тогтоогоогүй байна. Melanoma нь нарны хэт ягаан туяанаас болж үүсэх магадлал байдаг ч наранд ил гардаггүй биеийн хэсэгт ч илрэх боломжтой.

Анхны шинж тэмдгүүд

Арьсны хавдрын төрлүүд өөр хоорондоо ялгаатай байдлаар илэрдэг бөгөөд шинж тэмдэг багатай ч байх магадлалтай байдаг. Гэсэн хэдий ч, арьсанд огцом, ер бусын өөрчлөлт гарах нь арьсны хавдрыг илтгэх анхны шинж тэмдэг юм. Эдгээр өөрчлөлтүүдийг цаг алдалгүй ажиглах нь эрт үед нь оношлох боломжийг бүрдүүлэх юм.
Та дараах шинж тэмдгүүд илэрвэл нэн яаралтай анхаарлаа хандуулж, мэргэжлийн эмчид хандаарай:
⦁ арьсан дээр юм гарах: шинэ мэнгэ гарах, булцруу үүсэх, товгор, хөндүүртэй, хайрслаг гадаргуу бий болох, хар толбо үүсч арилахгүй байх.
⦁ хэлбэр нь жигд бус байх: арьсан дээр үүссэн толбо нь жигд бус, аль эсвэл нэг тал нь нөгөө талаасаа өөр хэлбэртэй байх.
⦁ гадаргуу: тууралт үүссэний гадаргуу нь арзгар, жигд бус байх.
⦁ өнгө: ер бусын цагаан, ягаан, хар, цэнхэр, улаан өнгөтэй байх.
⦁ диаметр: толбо нь харандааны баллуураас том хэмжээтэй байх.
⦁ өөрчлөлт: хэмжээ, өнгө, хэлбэр нь байнга өөрчлөгдөх.

Арьсны хавдрыг эмчлэх нь

Арьсны хавдрын эмчилгээ нь хэмжээ, байршил, төрөл, болон аль үе шат зэрэг маш олон хүчин зүйлсээс хамаарч олон төрөл байна. Эдгээр хүчин зүйлсийг харгалзан үзээд дараах эмчилгээнүүдээс аль нэгийг мэргэжлийн эмч санал болгох боломжтой:
⦁ Cryotherapy: Шингэн азот хэрэглэн өсөлтийг нь хөлдөөж, эргээд гэсэхдээ гэмтсэн давхаргыг устгадаг.
⦁ Мэс заслын арга: хавдартай хэсгийн арьс болон түүний ойр орчмын эрүүл арьсыг зүсэж авдаг.
⦁ Mohs хагалгаа: Давхарга давхаргаар нь авч, тус бүрийг нь микроскопоор шалгаж хавдарт эсүүд байхгүй болтол үргэлжилдэг.
⦁ Зүсэлт хийх болон электрон аргаар хатаах арга: Урт, халбаган хэлбэртэй ирээр хавдрын эсүүдийг хусан авч, үлдсэн хавдрын эсүүдийг электрон зүүгээр шатаах арга.
⦁ Химийн эмчилгээ: Эм уух, гаднаас нь эм түрхэх, аль эсвэл хавдрын эсүүдийг устгах зорилгоор зүүгээр тарих арга.
⦁ Фотодинамик эмчилгээ: Лазер гэрэл болон эм ашиглан хавдрын эсүүдийг устгах арга.
⦁ Цацраг: Өндөр эрчим хүчтэй энергийн гэрэл ашиглан хавдрын эсүүдийг устгах арга.
⦁ Биологийн эмчилгээ: Биологийн эмчилгээгээр дамжуулан биеийн дархлааг дэмжиж, хавдрын эсүүдийн эсрэг тэмцдэг.
⦁ Дархлааг дэмжих эмчилгээ: Арьсан дээр дархлааг дэмжих үйлчилгээтэй тос түрхэж хавдрын эсийг устгах арга.

Арьсны хавдрыг хэрхэн таних вэ?

Арьсны хавдрын үе шатууд:

Арьсны хавдах ямар үе шатандаа явж байгааг эмч тогтоохдоо хавдрын эсүүд хэр их тархсан, бусад эрхтэн лүү үсэрхийлсэн эсэхийг авч үздэг. Арьсны хавдрыг ерөнхийд нь 2 үндсэн төрөлд хуваадаг: меланома арьсны хавдар болон, меланома бус. Меланома бус арьсны хавдрууд гэдэгт өмнө дурьдсан “basal” болон “squamos” эсийн хавдрууд орно.


0 үе: Гэмтсэн эсүүд арьсны хамгийн гаднах давхарга, эпидермисээс өөр газарт тархаагүй.
1-р үе: Хавдар арьсны дундах давхарга болох дермис руу тархсан байх боломжтой, гэхдээ энэ нь 2см хэмжээнээс илүүгүй.
2-р үе: Хавдрын тархалт нь 2 см-ээс их хэдий ч ойр хавийн газарт үсэрхийлээгүй.
3-р үе: Хавдар нь анх үүсэн газраасаа ойр хавийн зөөлөн эд, яс руу тархсан бөгөөд энэ нь 3 см-с их хэмжээтэй.
4-р үе: Хавдар нь анх үүсэн газрынхаа ойр хавийн яс, эрхтэн лүү тархсан байх бө хэмжээ нь мөн 3см-с их хэмжээтэй.


Харин меланома арьсны хавдрын үеийн үе шатдуудыг дараах байдлаар ангилдаг:


0-р үе: Энэхүү идэвхигүй үеийн арьсны хавдар нь арьсны гадаад давхарга болох эпидермисийг нэвтрээгүй байх үе.
1-р үе: Хавдар арьсны дунд давхарга болох дермисийг нэвтэрсэн байх боломжтой хэдий ч хэмжээ нь бага.
2-р үе: Хавдар нь анх үүссэн газраасаа тархаагүй байх ч хэмжээ нь томорсон, зузаарсан мөн бусад шинж тэмдгүүдийг өөртөө агуулж эхэлсэн байна. Үүнд: арьснаас цус гарах, арьс хуулрах гэх мэт.
3-р үе: Хавдар нь бусад хэсгийн арьс болон зөөлөн эд рүү тархсан үе.
4-р үе: Хамгийн хүнд үе. 4-р үед хавдар анх үүссэн газраасаа бусад эрхтэн, эдүүдээс өргөн тархацтай болсон байдаг.


Өмнө арьсны хавдраар өвчилж байсан хүн дахин арьсны хавдар авах эрсдэлтэй. Ийм учраас эмчилгээний дараах үзлэгүүд их чухал байдаг.

Арьсны хавдраас урьдчилан сэргийлэх нь.

Та өөрийн арьсны хавдар тусах эрслийг багасгахын тулд арьсаа нарны эгц тусгалд болон бусад төрлийн хэт ягаан туяануудад урт хугацаанд ил гаргахаас зайлсхийх хэрэгтэй. Жишээ нь:
⦁ Нар хамгийн хурц байдаг 10.00-16.00 цагийн хооронд нарны эгц тусгалд гарахаас зайлсхийх. Аль болох дотор байх, эсвэл сүүдэр бараадах.
⦁ Гадаа наранд гарахаас 30 минутын өмнө наранд ил гарах биеийн хэсэгтээ SPF30+ болон түүнээс дээш хэмжээтэй нарны тос түрхэж, 2 цаг тутамд сэргээх.
⦁ Өргөн хүрээтэй малгай, нар нэвтэрдэггүй материалтай хувцас сонгож өмсөх.
⦁ 100% UVB ба UVA туяануудаас хамгаалсан нарны шил зүүх гэх мэт арга хэмжээнүүдийг авснаар арьсны хорт хавдраар өвчлөх эрсдийг бууруулж чадна.

Арьсны хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлс:

Зарим нэгэн нөхцлүүд хүний арьсны хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Жишээ нь:
⦁ Арьсны хавдраар өвчилсөн гэр бүлийн түүхтэй,
⦁ Зарим химийн бодисууд болох хүнцлийн нэгдлүүд, радий, креозот зэрэгтэй харьцдаг бол,
⦁ Батга болон экземийн эмчилгээ хийгдэх үеийн цацраг туяанаас болж,
⦁ Хамгаалалтгүй нарны шууд тусгалд удаан байх,
⦁ Нарлаг, дулаан, өндөрлөгт амьдарч, амрахад,
⦁ Гадаа ажил хийдэг бол,
⦁ Наранд олон удаа түлэгдэж байсан бол,
⦁ Амархан наранд түлэгддэг арьстай бол,
⦁ Хэд хэдэн том хэмжээтэй, ер бусын мэнгэтэй бол,
⦁ Цайвар, цонхигор, сэвхтэй арьстай бол,
⦁ Байгалиасаа шаргал болон улаан үстэй бол,
⦁ Цэнхэр болон ногоон өнгийн нүдтэй бол,
⦁ Биеийн дархлаа, ХДХВ зэрэг өвчлөлөөс болж муудсан бол,
⦁ Эрхтэн шилжүүлэх хагалгаанд орж, дархлаа сулруулах эмчилгээ хийлгэсэн бол.

Арьсны хавдраас сэргийлж нарны тос түрхэцгээе.

Нарны хэт ягаан туяа нь альфа (UvA) болон бета (UvB) гэж хоёр төрөлтэй

UVB нь хэт ягаан туяаны хамгийн хор хөнөөлтэй хэлбэр бөгөөд наранд түлэгдэх, арьсны хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Арьсны дээд давхаргыг эпидермис гэж нэрлэдэг. Нарнаас харагдахуйц гэрэл нь эпидермисээс тусдаг боловч UVB нь түүнд нэвчдэг. Эпидермисийн хувьд UVB нь эсийн ДНХ-тэй урвалд орж, ДНХ-ийн гэмтэл үүсгэдэг. Бидний арьсны эсүүд ДНХ-ийн гэмтлийг арилгах чадвартай боловч цаг хугацаа өнгөрөх тусам хангалттай хэмжээний ДНХ-ийн гэмтэл хуримтлагдвал арьсны хорт хавдар үүсч болзошгүй юм.

Эсийн үхэл нь үрэвслийг өдөөж улмаар арьс улайж, халуу оргиж, өвдөхөд хүргэдэг. Бета спектрийн туяа арьсны өнгөн давхаргад нөлөө үзүүлж түүнийг борлуулахаас гадна түлж ч болдог байгаа юм.

Альфа спектрийн туяа илүү гүнд нэвтэрч арьсны эдийг гэмтээснээр арьсны уян хатан чанарыг бууруулдаг байна. Энэ төрлийн хэт ягаан туяа цаашлаад үрчлээс, бор толбо үүсгэдэг.

Одоогоор цацрагаас үүсэлтэй арьсны өвчнийг эмч нар нарийн эмчилж, оношилж чадахгүйгээс болж олон мянган хүн нас барж байна. Нөгөө талаар хэт хурц нартай өдөр нарны шил эсвэл ямар нэг хамгаалалтгүй явснаас нүдний болор гэмтэн болор цайх өвчин үүсдэг. Нарны хэт ягаан туяаны цацраг усанд, газрын гадаргуугийн байдал, газрын байршил, далайн төвшний өндөр зэрэг олон хүчин зүйлээс хамаарч хэмжээ нь янз бүр байдаг.

Тэр тусмаа өндөрлөг газруудад нарны хэт ягаан туяаны цацраг харьцангуй их байдаг байна. Иймээс уулчид ууланд гарахдаа заавал цацрагаас хамгаалсан шил, биеийн тос түрхдэг. Яагаад гэвэл, дээшлэх тусам агаарын бүрхэвч сийрэгждэг, үүнийг дагаад цацрагийн хэмжээ ихэсдэг. Өнөөдрийн байдлаар дэлхийн бөмбөрцгийн өмнөд, хойд хагаст озоны давхрагын цооролт нэлээд талбайг эзлээд байгаа юм байна.. Нарны хэт ягаан цацраг нэвтэрч орох үүд нь сийрэгжилт гэнэ.

 

UVA нь арьсны хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг боловч арьсны хөгшрөлтийг хурдасгахад ихэвчлэн оролцдог. UVA нь арьсны дермис гэж нэрлэгддэг арьсны гүн давхаргад нэвчиж чаддаг. Дермис нь коллаген гэх мэт молекулуудын шатаар таны арьсыг уян хатан болгодог. UVA нь энэхүү коллагены шатыг гэмтээдэг. Энэ нь таны арьсыг үрчлээтэх, унжих шинжтэй болгодог.

 

Нарны тос хэрхэн арьсыг хамгаалдаг, түүний төрлүүд:

Нарны тос нь сүүлийн үед олон хэлбэр дүрстэй, бүтэц загвартай болсон хэдий ч ерөнхийд нь ФИЗИКИЙН болон ХИМИЙН гэж 2 ангилдаг.

Физик нарны тос

Физикийн болон химийн нарны тосыг ялгах хамгийн энгийн арга бол найрлагыг нь харах юм. Физик нарны тосонд “Zinc Oxide” ба “Titanium Dioxide” гэсэн 2 чухал найрлага ордог. Маш энгийнээр бол Физик нарны тос түрхлээ-> нарны хэт ягаан туяа ирлээ-> шууд шингээлгүйгээр буцаагаад ойлголоо гэх процесс явагддаг гэсэн үг. Давуу тал нь: ямар ч төрлийн арьсанд тохиромжтой, химийн урвал явагддаггүй учраас харшлахгүй, арьсыг цочроохгүй.

Химийн нарны тос

Химийн нарны тос нь нарны хэт ягаан туяг арьсанд шингээн, урвалд оруулж, туяаг дулааны энерги болон хувиргадаг. Арьсанд шингээж тодорхой хэмжээний химийн урвал явагддагаараа физик нарны тосноос ялгарна. Найрлагандаа идэвхит химийн орц байдгаас шалтгаалан хэт эмзэг, харшламтгай хүмүүс физик нарны тос илүүтэй сонгох магадлалтай байдаг. Химийн нарны тосны давуу тал нь илүү хөнгөн бүтэцтэй, цайрч харагддаггүй, угааж цэвэрлэхэд илүү хялбар байдаг.

Нарны тосны хамгаалалтын хэмжээ

SPF (Sun Protection Factor) гэсэн тэмдэглэгээ нь тухайн бүтээгдэхүүн таны арьсыг нарнаас хамгаалах чадварын тоон үзүүлэлт гэсэн үг. Хүн нарны шууд тусгалд 15 минут орчим байхад л арьс түлэгдэж гэмтдэг. Тэгвэл үүнийг SPF 1= 15 минут гэж тооцвол: SPF 30 байвал 30х15 минут=450 минут, SPF 50 байвал 50х15 минут= 750 мин буюу 12цаг 30 мин таныг хамгаална гэсэн үг. Тиймээс, аль болох хамгийн өндөр үзүүлэлттэйг нь хэрэглэх хэрэгтэй байгаа биз? Тэгсэн хэдий ч ямар ч нарны тос таны арьсыг 100% нарны хэт ягаан туяанаас хамгаалах боломжгүй, хэрвээ та төө зузаан нарны тос л түрхэхгүй бол шүү дээ. Тиймээс та хамгийн өндөр SPF-тэй нарны тосоо 3-4 цаг тутамдаа давхарлаж хэрэглэх, нүүрээ будах бол давхар нарны хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглэхийг бид зөвлөж байна.


PA++++ гэсэн тэмдэглэгээ нь “Protection Grade of UVA” гэсэн тэмдэглэгээ буюу UVA нарны туяанаас хамгаалах чадварыг илтгэдэг бөгөөд ардаа олон (+) тэмдэглэгээтэй байх тусмаа л сайн гэсэн үг. Хамгийн дээд тал нь 4 (++++) тэмдэглэгээ байдаг.


Мөн ихэвчлэн Америк болон барууны орнуудад нарны тосон дээрээ “UVA” болон “Broad Spectrum” гэсэн тэмдэглэгээтэй байх нь олонтаа тааралддаг. Хэрвээ ийм тэмдэглэгээ байхгүй бол UVA туяанаас хамгаалахгүй байх нь гэж ойлгож болно.

 

Ашигласан эх сурвалж:
skincancer.org
cancer.org
healthline.com, “What is Skin Cancer?’
mayolinic.org, “Basal cell carcinoma’
nhs.uk, “Non-melanoma skin cancer’