НАЙРЛАГА

Бүтээгдэхүүний орц найрлагын талаарх товч мэдээллийг хайлт хэсэгээс шүүж үзнэ үү.
НайрлагаТайлбар
AHA (Alpha Hydroxy Acid)

Сүү, жимсний сахарнаас гаргаж авсан эсвэл синтетик аргаар үйлдвэрлэдэг, гуужуулагч найрлага. АНА нь арьсны гадаргуу дээрх эсүүдийг холбогч цавууг задалснаар үхэжсэн эсүүдийг нь гуужуулж унагаан, эсийг шинэчилж, бөглөрсөн нүхийг нээж, арьсыг толийлгон гэрэлтүүлдэг. Тиймээс батга гарахаас сэргийлэх мөн хөгшрөлтийн эсрэг найрлагад зүй ёсоор тооцогддог. Хамгийн түгээмэл бөгөөд үр дүнтэй АНА нь lactic acid ба glycolic acid юм. Анхлан хэрэглэгч хоногт 2-3 удаа хэрэглэж, арьсаа дасгаад аажмаар давтамжаа ойртуулж хэрэглэж болно. Мөн АНА хэрэглэсэн үедээ заавал нарны тос хэрэглэх шаардлагатай.

Alcohol

Олон янзын хэлбэртэй, зарим нь сайн, зарим нь муу байдаг органик нэгдлүүдийн бүлэг. Ethanol, ethyl alcohol, denatured alcohol, methanol, isopropyl alcohol, SD alcohol, benzyl alcohol нэртэй алкохолууд нь хуурайшуулах, эмзэгшүүлэх, арьсны барьерийг гэмтээх, тосны ялгаруулалтыг нэмэглдүүлэх магадлалтай.

Allantoin

Аллантоин нь арьсыг тайвшруулж, нөхөн сэргээж, эсийн шинэчлэлийг дэмжиж идэвхжүүлдэг. Ихэвчлэн арьсны гадаргууг шинэчлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдэд ордог. Батганы сорви арилгахад тустай.

Aloe Vera

Антиоксидант үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ арьсыг тайвшруулж, чийгшүүлдгээрээ алдартай ургамлын ханд. Энэхүү найрлага нь сурталчилдаг шигээ онцын гойд, гайхамшигтай үйлчилгээтэй биш боловч цочирсон, эмзэгшсэн, наранд түлэгдсэн арьсыг тайвшруулж, чийгшүүлэх чадвартай.

Amino acids

Амин хүчлүүдийг арьс арчилгаанд дангаар нь чийгшүүлэх, уян хатан болгох зорилгоор ашигладаг. Эсвэл хэд хэдэн амин хүчлүүдийг холбож пептид болгон ашигладаг. (Peptide) тайлбар харна уу.

Antioxidants

Чөлөөт радикалууд хэмээх хүрээлэн буй орчны стресс үүсгэгчдээс арьсыг хамгаалдаг бүлэг найрлага. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг, алдартай антиоксидант найрлагууд нь С витамин, ретинол, ногоон цай гурав юм.

Arbutin

Арьсанд хар пигмент үүсэх үйл явцад саад хийдэг, жимсгэнээс гарган авдаг байгалийн гаралтай цайруулагч, гэрэлтүүлэгч найрлага. Ихэвчлэн арьсны өнгийг жигдлэх, нөсөө толбо цайруулах бүтээгдэхүүнүүдэд ордог.

Azelaic acid

Үр тарианаас гаргаж авдаг, зөөлөн гуужуулагч төрлийн найрлага. Бөглөрсөн нүхийг багасгаж, арьсны гадаргууг толийлгож, нөсөө толбыг бүдгэрүүлж, улайлтыг багасгадаг.

Azulene

Алтан товч буюу Chamomile цэцэгнээс гарган авдаг цэнхэр өнгийн тосон найрлага. Эмзэгшсэн арьсыг тайвшруулах үйлчилгээтэй тул илүүдэл үсний ваксын найрлаганд түгээмэл ордог.

Bakuchiol

Ретинолыг орлох байгалийн гаралтай, зөөлөн найрлагад тооцогддог. Bakuchiol нь улайсгах, хуурайшуулах, эмзэгшүүлэх сөрөг нөлөөгүй атлаа ретинолтой адил арьсны гадаргууг толийлгох, нөсөө толбо арилгах, уян хатан чанарыг нэмэгдүүлэх ач тустай.

Barrier

Эпидермисийн хамгийн гадна талын давхаргуудыг хамтгатган ингэж нэрлэдэг бөгөөд гүний чийгийг хадгалах, арьсыг бактери болон орчны бохирдлоос хамгаалах зэрэг нэн чухал үүргүүдийг гүйцэтгэдэг арьсны “дархлаа” юм. Шүлтлэг цэвэрлэгээ, гуужуулалт ихэдсэн үед болон орчны нөлөөллөөр барьер гэмтдэг. Барьер гэмтсэн үед арьс бактерийн нөлөөнд өртөмтгий болох бөгөөд батга, ихэсэх, улайх, тослог мөртлөө чийггүй байх, амархан эмзэгших зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Bentonite

Энэ шингээгч шаврыг ихэвчлэн галт уулын үнсээс гаргаж авдаг. Бактерийн эсрэг эрдэс бодисоор баялаг бөгөөд нүхнээс илүүдэл тослог, бохирдлыг татаж өөртөө шингээдэг учир хар батганы эсрэг, гүн цэвэрлэх маскны найрлагад ордог.

Benzoyl Peroxide

Үрэвсэлт батга үүсгэгч бактерийн эсрэг гуужуулагч шинжтэй эмийн бодис. Жоргүй олгогдох эмийн бүтээгдэхүүнүүдэд дээд тал нь 10%-н агууламжтай байдаг. Бензолийн хэт исэл нь арьсыг цочроох, хуурайшуулах, эмзэгшүүлэх магадлалтай хүчтэй найрлага тул хэрэглэх үедээ сайн чийгшүүлэгч тос хэрэглэх хэрэгтэй.

Beta Glucan

Төрөл бүрийн мөөг, ургамал, замаг, мөөгөнцөр эсвэл овъёос зэргээс гаргаж авдаг полисахарид юм. Бета Глюкан нь чийгийн барьерыг сайжруулж, арьсны бактерийн эсрэг дархлааг дэмждэг. Мөн коллагены үйлвэржилт, эсийн шинэчлэлийг дэмждэг учраас арьсыг уян хатан, залуу, чанга болгодог.

BHA (Beta Hydroxy Acid)

BHA нь хар батга, нүхжилт, үрэвсэлт батганы эсрэг химийн гуужуулагч бодисны бүлэг юм. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг хоёр төрөл нь salycilic acid ба betain salicylate. BHA нь нүхэнд гүн нэвтэрч цэвэрлэхээс гадна үхэжсэн арьсыг гуужуулдаг учраас хялгасан үрчлээний эсрэг, арьс толийлгох үйлчилгээг ч давхар үзүүлдэг. Анхлан хэрэглэгч 7 хоногт 2-3 удаа хэрэглэж, арьсаа дасгаад аажмаар давтамжаа нэмж болно.

Bifida Ferment

Бифидa бактери нь нэгэн төрлийн пробиотик буюу бие махбодын эрүүл мэндийг дэмждэг бичил биетэн юм. Tараг, кэфир, айраг, кумис гэх мэт эсгэж гаргаж авдаг цагаан идээнд агуулагддаг аж. Ууж хэрэглэхэд эрүүл мэндэд тустай энэ ашигт бактерийг арьсандаа мөн түрхэж хэрэглэх нь олон төрлийн ашиг тустай. Эсгэж гаргаж авсан орц болох Galactomyces, Endomyces зэргийн нэгэн адилаар Bifida-г эсгэж бий болгох явцад төрөл бүрийн амин хүчлүүд, витаминууд, мөн антиоксидант шинж чанартай элементүүд бий болдог байна. Мөн эсгэж гаргаж авсан найрлагуудын молекулын хэмжээ нь маш жижиг байдаг учраас арьсанд гүн шингэж үйлчилдэг. Бифида нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, гадны цочирдуулагчдаас өөрийгөө хамгаалах чадвар буюу арьсны дархлааг сайжруулдаг. Үүний үр дүнд арьсны нөхөн төлжилт хурдсаж, хялгасан үрчлээ тэнийж, шинэ үрчлээ үүсэх процесс удааширдаг.

Biotin

Лууван, бүйлс, сүү зэрэг хүнсэнд багахан хэмжээгээр агуулагддаг В бүлгийн витамин. Биотин нь өөх тос, элсэн чихрийг боловсруулахад туслахаас гадна үс, хумсны ургалтыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Биотинтой шампунь, ангижруулагч нь үсний хугаралтыг багасгаж, уян хатан чанарыг нэмэгдүүлдэг гэж үздэг.

Birch Extract

Хус модны ханд нь амин хүчил, энзимээр баялаг бөгөөд, үрэвслийн эсрэг, чийгшүүлэх үйлчилгээтэй. Үүнээс гадна орчны стресс, бохирдол, нарны хэт ягаан туяа зэргээс хамгаалах антиоксидант найрлага юм.

Black Tea

Хар цай нь Хятадын Мин гүрний үеэс эхлэн арьс арчилгаанд олон зуун жилийн турш хэрэглэгдэж ирсэн найрлага. Ногоон цайтны адил, хар цай нь антиоксидант шинж чанартай бөгөөд хэт ягаан туяа, хүрээлэн буй орчны бохирдлоос хамгаалдаг. Хар цайны каффейны өндөр агууламж нь арьсыг чангалж, өнгөлөх, хаван буулгах нөлөөг үзүүлнэ.

Broad Spectrum

Нарны UVA (хөгшрөлт үүсгэдэг) ба UVB (түлэх эрсдэлтэй) цацрагийн аль алинаас хамгаалдаг нь батлагдсан, нарнаас хамгаалах тосны нэр томъёо. Broad Spectrum SPF бүтээгдэхүүн хэрэглэснээр эрт хөгшрөлт болон арьсны хорт хавдраас үр дүнтэй сэргийлнэ.

Caffeine

Каффейн нь ургамлын нэгдэл. Нүдний доорх харлалтыг үүсгэгч цусны судаснуудыг дарангуйлж, хаван хавдар буулгах үйлчилгээтэй тул зовхины тосны найрлагад түгээмэл ашигладаг.

Calendula

Календула ургамлын ханд нь антиоксидант, флавоноид, сапонинаар баялаг. Арсыг эдгээх, нөхөн сэргээх үйлчилгээтэй төдийгүй үрэвслийг бууруулдаг тул эмзэг арьсны арчилгаанд төгс орц болдог.

Centella Asiatica/Cica

Сентелла азиатика нь Ази, Өмнөд Африкт ургадаг “бар өвс” хэмээх хочтой ургамлын төрөл зүйл юм. Амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг центелла нь үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг. Эмзэг, тослог, батга гарамтгай арьсанд тохиромжтой. Сентеллагаас гарган авдаг идэвхит найрлагыг madecassoside хэмээн нэрлэдэг.

Ceramides

Серамидийг арьсны “цемент” эсвэл “хөрс” гэж ойлгож болно. Серамид нь барьерыг бэхжүүлж, чийг алдалтаас сэргийлдэг. Бидний арьс байгалиасаа серамидийг үйлдвэрлэдэг боловч нас ахихийн хэрээр үйлдвэржилт багасдаг. Барьерийн гэмтэлтэй үед серамидийн найрлагатай бүтээгдхэүүн хэрэглэснээр арьсны өөрийгөө бактериас хамгаалах, чийгээ хадгалах дархлаа сайжирна.

Chamomile

Энэхүү ургамлын гаралтай бодис нь чөлөөт радикалын эсрэг, үрэвслийн намжаах, тайвшруулах үйлчилгээтэй. Эмзэг мэдрэмтгий арьсанд зориулагдсан бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.

Chemical Sunscreen

Химийн гаралтай нарны тос нь арьсанд шингэж, нарны хэт ягаан туяаг гэмтэл учруулахаас өмнө хувирган, сарниах зарчмаар үйлчилдэг. Найрлагадаа oxybenzone, avobenzone, octisalate, octocrylene, homosalate зэрэг бодисуудыг агуулсан байдаг. Physical нарны тостой харьцуулахад түрхэхэд хялбар, цайрч харагддаггүй давуу талтай. Гэхдээ мэдрэмтгий эмзэг арьсанд харшлах сул талтай.

Clay

Байгалийн шавар нь арьсны илүүдэл тосыг шингээж, бөглөрсөн нүх сүвийг нээж, бохирдлыг татан гадагшлуулдгаараа арьс арчилгааны ертөнцөд алдартай. Хамгийн түгээмэл ашиглагддаг kaolin нь харьцангуй зөөлөн, хуурайшуулах нь бага атлаа үр дүнтэй байдаг.

Collagen

Яс, булчин, шөрмөс зэрэг биеийн олон хэсэгт байдаг уургийг хэлнэ. Арьсны хувьд нүүрийг чийгээр дүүрэн, залуу, эрүүл харагдуулахад чухал үүрэгтэй. Хөгшрөх тусам бидний бие махбодь дахь коллагены нийлэгжилт удааширдаг бөгөөд үүнд хэт ягаан туяаны нөлөө нэрмээс болдог. Коллагены молекул хэт том учир гаднаас нь түрхэхэд арьсны гүн давхаргад нэвтэрч чаддаггүй ч коллагентай бүтээгдэхүүнүүд чийгшүүлэх болон үрчлээний харагдах байдлыг дээрдүүлэх магадлалтай. Мөн коллагений үйлдвэржилтийг дэмжих peptide, retinol, vitamin C зэргийг агуулсан бүтээгдэхүүн хэрэглээрэй.

CoQ10

CoQ10 нь бидний биед байгалиас үйлдвэрлэгддэг антиоксидант бөгөөд хөгшрөлтийн нөлөөгөөр жил ирэх тусам үйлдвэржилт нь буурдаг тул бүтээгдэхүүнээр дамжуулан авах нь тустай. Арьсны эсийн үйл ажиллагааг тэтгэж, бүтцийг сайжруулж, өнгийг жигдэлж, коллаген ба эластиний үйлдвэржилтийг дэмжсэнээр хялгасан үрчлээ, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг.

Dimethicone

Арьсны чийгийг түгжигч, силикон гаралтай найрлага. Ихэвчлэн тослоггүй, нүх бөглөхгүй (non-comedogenic) чийгшүүлэгч бүтээгдэхүүний найрлаганд багтдаг.

Enzymes

Энзимийг ихэвчлэн Папаяа, Ханборгоцой жимс, Хулуунаас гарган авдаг бөгөөд арьсны гадаргуу дээрх үхэжсэн эсийг зөөлнөөр гуужуулж, толийлгодог найрлага юм.

Ferulic Acid

Энэхүү ургамлын гаралтай антиоксидант нь нарны хэт ягаан туяаны нөлөөг бууруулж, чөлөөт радикалуудыг саармагжуулахаас гадна арьс арчилгааны бүтээгдэхүүн дэх С, Е витаминыг тогтворжуулахад тусалдаг.

Fragrance free

Fragrance буюу анхилам үнэр оруулагч бодис нь эмзэг мэдрэмтгий арьсанд цочроогч, харшил үүсгэгч хүчин зүйл болдог. Тиймээс “fragrance-free” буюу үнэр оруулагч ашиглаагүй арьс арчилгааны бүтээгдэхүүний эрэлт ихэссээр байна.

Free radicals

Чөлөөт радикалууд гэдэг нь өөрийн электроыг алдсан, тогтворгүй молекулууд юм. Чөлөөт радикалууд нь агаар орчны бохирдол, нарны хэт ягаан туяа, зарим хоол хүнс зэрэг олон эх үүсвэрээс бий болж бидний арьсны эсүүдийг сулруулж, гэмтээдэг. Энэ нь эрт хөгшрөлт, унжилт, нөсөө толбо зэргийн шалтгаан болно. Антиоксидантууд нь чөлөөт радикалуудыг саармагжуулж гэмтэл учруулахаас нь сэргийлдэг байна.

Galactomyces Ferment Filtrate

Саке исгэх үйл явцаас гардаг нэг төрлийн исгэмэл дайвар бүтээгдэхүүн. Япон, Солонгосын арьс арчилгааны ертөнцийн энэхүү “од” найрлага нь амин хүчил, амин дэм, эрдэс бодисуудаар баялаг. Найрлагыг исгэх үйл явцын ачаар молекулууд жижгэрсэн байдаг тул арьсны гүнд шингэж, эсийн түвшинд үйлчилдэг. Арьсны өнгийг жигдлэх, хөгшрөлтийн эсрэг, цайруулах, батга үүсгэгч бактерийг устгах, өргөссөн нүхийг багасгах, арьсны ерөнхий гадаргууг сайжруулах үйлчилгээтэй.

Ginseng

Ямар ч арьстай хүнд ач тусаа өгч чадах найрлага. Коллагены үйлдвэржилтийг дэмжсэнээр хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг багасгаж, антиоксидант шинжээрээ чөлөөт радикалуудтай тэмцэж, каффейнтай адил арьсыг сэргээх, эрч хүчээр тэтгэх үйлчилгээтэй.

Glycerin

Эргэн тойрны орчноосоо өөртөө ус чийгийг татдаг humectant (“humectant” найрлага үзнэ үү) найрлага юм. Чийгшүүлэх үйлчилгээтэй бүх төрлийн бүтээгдэхүүнд түгээмэл ордог, хямд үнэтэй ч үр дүн сайтай найрлага мөн.

Glyolic acid

Чихрийн нишингэнээс гарган авдаг. АНА-ийн нэг төрөл. Гуужуулах үйлчилгээтэй тул үхэжсэн арьсыг унагаан, арьсны гадаргууг шинэчилж, хөгшрөлтийн шинж тэмдгийг багасгадаг. Бөглөрсөн нүхийг нээхээс гадна бактери устгах үйлчилгээтэй тул батганы эсрэг нөлөө үзүүлдэг. Гликолийн хүчил нь АНА-ийн хамгийн үр дүнтэй, сайтар судлагдсан хэлбэрүүдийн нэг юм. Анхлан хэрэглэгч арьсандаа дасгаж хэрэглэнэ үү. (АНА-г үзнэ үү)

Green tea

Ургамлын гаралтай хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг, Полифенолын агууламж нь хөгшрөлтөөс сэргийлэх, үрэвслийг бууруулах үйлчилгээтэй. Батганы эсрэг болон хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүдийн найрлаганд багтдаг.

Honey

Зөгийн бал нь байгалийн гаралтай humectant (Humectant харна уу) төдийгүй бактерийн эсрэг үйлдэлтэй учир чийгшил дутагдсан, батга гарамтгай арьсанд зориулсан бүтээгдэхүүнүүдэд ашиглагддаг. Мөн хүчтэй антитксидант чанартай учраас хөгшрөлтийн эсрэг нөлөөг үзүүлнэ.

Humectant

Эргэн тойрны орчноосоо ус чийгийг өөртөө татаж, түгждэг найрлагуудын бүлэг нэршил юм. Хамгийн түгээмэл ашиглагддаг Humectant-ууд бол glycerin, hyaluronic acid 2 юм. Бүхий л чийгшүүлэх тонер, тос, эссенцийн найрлагад ямар нэгэн humectant орсон байдаг. Гэхдээ их хэмжээний humectant нь агаарын чийгшил багатай, хуурай орчинд арьсны гүнээс чийгийг татан ууршуулж, улам хуурайшуулах магадлалтай байдаг учир чийгийг түгжих чийгшүүлэгч тостой хамтатган хэрэглэх нь зүйтэй гэж үздэг.

Hyaluronic acid

Бидний арьсанд байгалиасаа байдаг humectant юм. Өөрөөсөө 1000 дахин их жинтэй усыг татаж чаддаг. Гиалуроны хүчлийн хэрэглээнд түүний хэмжээ чухал нөлөөтэй. Том молекултай гиалуроны хүчил нь арьсны өнгөн давхаргыг чийгшүүлж, зөөлрүүлдэг бол жижиг молекултай нь гүний давхаргад нэвтэрч үрчлээнээс сэргийлж, гүний чийгшил өгдөг. Тиймээс гиалуроны хүчлийн том, жижиг олон төрлийн хэмжээг хамтад нь агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь илүү шр дүнтэй. Мөн бусад humectant найрлагын адилаар гиалуроны хүчлийг “чийг түгжигч” тосон бүтээгдэхүүнтэй хамтатган хэрэглэснээр чийгшил алдагдахаас сэргийлж чадна.

Jojoba oil

Хохоба ургамлын үрээс гарган авдаг хохобаны тос нь арьсны байгалийн тослогтой төстэй бүтэцтэй байдаг. Тиймээс арьсны нүх сүвийг бөглөхгүйгээр, маш амархан шингэж, арьсыг чийгшүүлэн зөөлрүүлдэг.

Kaolin Clay

Каолиныг ихэвчлэн арьсны илүүдэл тосыг шингээх, арьсыг зөөллөх үйлилгээтэй тул арьс арчилгааны бүтээгдэхүүнд түлхүү хэрэглэдэг. Бусад төрлийн шавар маскнаас илүү зөөлөн байдаг учраас арьсаа гуужуулахад ч хэрэглэж болно. Арьс өнгөний судлаачдын үзэж буйгаар каолин нь арьсны үрэвслийг намдаах, бактерийн эсрэг, анагаах үйлчилгээг ч давхар үзүүлдэг болохыг тогтоосон байдаг. Каолин шавар нь маш зөөлхөн учраас бүх л төрлийн арьсанд тохиромжтой.

Lactic acid

Cүү, жимс, хүнсний ногооноос гарган авдаг АНА-ийн нэг төрөл, гуужуулагч найрлага. Glycolic acid-тай харьцуулахад хүчний хувьд ижил боловч молекулын хувьд арай том учир арьсны гүн лүү нэвтэрдэггүй. Тиймээс эмзэг арьстай хүмүүст тохиромжтой зөөлөн сонголт болдог. Үхэжсэн эсийг гуужуулж, арьсны гадаргууг толийлгон, чийгшүүлж, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлнэ.

Licorice

Чихэр өвс нь дангаараа арьсыг тайвшруулах нөлөөтэй бол түүний үндэс нь арьсны өнгийг цайруулж, жигдлэх үйлчилгээтэй. Чихэр өвсний үндсэнд агуулагдах glabridin, liquirtin зэрэг бодисууд нь нөсөө толбо, харлалт, батганы сорвийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс ихэвчлэн цайруулах, улайлтыг намдаах, тайвшруулах бүтээгдэхүүнүүдэд ашиглагддаг.

Lotus

Лянхуа цэцгийн цэцэг, үр, навч, үндэс гээд бүгдийг нь идэх боломжтой байдаг. Үрийг нь түүхийгээр эсвэл болгож иддэг. Харин үндэс нь амтлаг төмстэй ижилдүү байдаг бөгөөд Витамин B, C, зэс, цайр зэрэг витамин, эрдэс бодисоор баялаг ажээ. Шинэхэн навчийг нь хоолондоо ногоо болгон хэрэглэдэг. Арьс хөгшрөлтийн эсрэг болон гэрэлтүүлэх үйлчилгээтэй. Тайвшруулж, нөхөн төлжүүлнэ. Арьсыг тэнцвэржүүлж, цэвэршүүлнэ. Арьсыг зөөлөн гуужуулдаг. Арьсны өнгийг жигдрүүлж, толбыг бүдгэрүүлдэг. Арьс арчилгаанаас гадна бадамлянхуа цэцгийн ханд орсон үс арчилгааны бүтээгдэхүүн ч мөн түгээмэл байдаг. Лянхуа цэцэг нь үсний гэмтлийг арилгах, илүү хөвсгөр болгох, бууралтахаас сэргийлэх ашиг тустай байдаг.

Mandelic acid

Гашуун буйлс самарнаас гарган авдаг энэхүү АНА нь glycolic acid, lactic acid-тай харьцуулахад тосонд шингэх чадвар илүү тул үхэжсэн арьсыг гуужуулахаас гадна нүхэн доторх бохирдлыг үр дүнтэй цэвэрлэдэг. Тэгсэн атлаа харьцангуй том молекултай тул арьсыг эмзэгшүүлдэггүй.

Marula oil

Африкийн марула модны жимснээс гарган авдаг энэхүү тос нь антиоксидант, амин тосны хүчил, амин хүчил ихээр агуулдаг. Чийгийг түгжих, үрэвслийн эсрэг, зарим бактерийн эсрэг үйлчилгээтэй. Африкийн марула модны жимснээс гарган авдаг энэхүү тос нь антиоксидант, амин тосны хүчил, амин хүчил ихээр агуулдаг. Чийгийг түгжих, үрэвслийн эсрэг, зарим бактерийн эсрэг үйлчилгээтэйула модны жимснээс гарган авдаг энэхүү тос нь антиоксидант, амин тосны хүчил, амин хүчил ихээр агуулдаг.

Matrixyl 3000

Коллагений үйлдвэржилитийг нэмэгдүүлж, хялгасан үрчлээг багасгадаг нь нотлогдсон хэд хэдэн пептидийн комплекс.

Mineral oil

Өнгөгүй үнэргүй энэ тос нь чийгшүүлэгч тос болон тосон цэвэрлэгчийн найрлаганд ордог. Нүх сүв бөглөх шинжтэй учраас арьс арчилгаанд ерөнхийдөө зайлсхийдэг болсон найрлага.

Mugwort

Өөрөөр Artemisia гэж нэрлэгддэг) Бактерийн эсрэг, мөөгөнцөрийн эсрэг, үрэвсэл дарах, тайвшруулах эдгээх үйлчилгээтэй эмийн өвс юм. Тиймээс rosacea, экзем, атопик дерматит, хайрст үлд, мөн батгатай хүмүүст тохирох хамгийн сайн найрлага болж чадна. Батгагүй хэвийн арьсанд ч ач тусаа өгдөг.

Mung Bean

Хятадад олон зуун жилийн турш ногоон шошийг хоол хүнс, эмчилгээ, бүр цаашлаад арьс арчилгаандаа ч хэрэглэдэг байжээ. Арьсанд хэрэглэхэд ногоон шош нь- Батга арилгах, үрэсвлийг намжаах, хавагналтыг бууруулах, арьсыг чөлөөт радикалуудаас хамгаалах, нөсөө толбо бүдгэрүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой.

Niacinamide

Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг баргасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй. Хүчтэй антиоксидант боловч бүх төрлийн арьсанд, бараг бүх төрлийн найрлагатай хослуулан хэрэглэж болдог.

NMF

Байгалийн чийгшүүлэгч хүчин зүйлс буюу Natural moisturizing factors (NMF) нь хүн бүрийн арьсанд байдаг онцгой байгалийн чийгшүүлэх нэгдэл юм. Чийг удаан хадгалах (чийг түгжих), арьсны гадаргуу давхарга чийгтэй байхад туслах, арьсны хамгаалах хана ( skin barrier) хэвийн үйл ажиллагаатай байж арьсыг гаднаас хамгаалахад туслах, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй.

Panthenol

Үс болон арьсны арчилгаанд аль алинд нь хэрэглэгддэг, зөөлрүүлэгч, чийгшүүлэгч үйлдэлтэй В амин дэм. Бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурайшсан эмзэгшсэн арьсанд ач тусаа өгнө. Ус чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн барьерыг сайжруулдаг. Бүх төрлийн найрлагатай, ялангуяа ceramide, hyaluronic acid-тай сайтар зохицно.

Peptides

Пептидүүд нь коллаген, эластин, кератин зэрэг уургийн бүтцийг бий болгодог амин хүчлүүдийн гинжин хэлхээ юм. Пептидгүйгээр бидний арьс бүрэн бүтэн биш тул бат бөх чанар нь алдагдаж, үрчлээ гарч, бүтэц өөрчлөгдөж, гүний чийг багасдаг. Пептид нь “мэдээлэл дамжуулагч”-ийн үүргийг гүйцэтгэж арьсны эсийг коллаген, эластин үйлдвэрлэхэд дэмжлэг болдог.

Petrolatum

Petroleum jelly буюу вазелины үндсэн найрлага. Энэхүү өтгөн, наалдамхай найрлага нь чийгийг түгжиж, арьсан дээр бүрхүүл үүсгэдэг. Голдуу уруул, зовхины бүтээгдэхүүнд, тосон цэвэрлэгчийн найрлаганд ордог. Нүх сүв бөглөх магадлалтай учир тослог, батга гарамтгай арьсанд зөвлөдөггүй.

pH factor

pH нь орц, бүтээгдэхүүн, арьсны хүчиллэг эсвэл шүлтлэг байдлын түвшинг хэлнэ. Бидний арьсны байгалийн pH түвшин 4.4-5.6 хооронд хэлбэлздэг. Хөөсөн цэвэрлэгч бүтээгдэхүүнүүдийн зарим нь хэт шүлтлэг буюу 7-9 хооронд байдгаас арьсны орчин эвдэгдэж, чийг тослогийн тэнцвэр алдагдаж, барвер гэмтэж, өөрийгөө нянгаас хамгаалах дархлаа сулардаг. Энэ нь батгашилт, эмзэгшилт, хуурайшилтын үндэс болдог. Нүүрээ угаасны дараа арьс “squeaky” цэвэрхэн болсон мэт мэрэмж төрж байвал энэ нь арьсны хүчиллэг орчин эвдэгдсэнийг хэлнэ. Тиймээс ялангуяа арьс цэвэрлэгээний бүтээгдэхүүн авахдаа pH-ийн түвшинг нь анхаарч байгаарай. Түүнчлэн, sodium laureth sulfate агуулсан цэвэрлэгч бүтээгдэхүүнээс татгалзаарай.

Physical/Mineral Sunscreen

Минерал нарны тос нь Titanium dioxide, zinc dioxide зэрэг эрдэс бодисын тусламжтайгаар арьсны гадаргуу дээрээс нарны хэт ягаан туяаг ойлгож, сарниах зарчмаар үйлчилдэг. Минерал нарны тос нь UVA/UVB нарны хоёуланд нь үйлчилдэг учир өндөр үр дүнтэй. Тийм атлаа арьсны давхаргад шингэдэггүй тул эмзэг мэдрэмтгий арьсанд ч асуудал үүсгэдэггүй.

Probiotic

Хоол хүнсний ертөнцөд эртнээс танил байсан ашигтай бактери буюу пробиотикууд нь арьс арчилгааны ертөнцөд саяхнаас алдаршиж эхлээд байгаа юм. Пробиотикууд нь арьсанд хэвийн орчин бий болгосноор чийгийн барьерийг бэхжүүлж, цочролыг намдааж, тослогийг тэнцвэржүүлж, гадны бохирдол, ашиггүй бактери нэвтрэхээс хамгаалдаг. Хуурайшсан, эмзэгшсэн, тос чийгийн тэнцвэр алдагдсан, батгашилттай, товчхондоо арьсны орчин гэмтсэн тохиолдолд пробиотик арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд ашиг тусаа өгнө.

Propolis

Балны зөгийнүүдийн бүтээдэг энэхүү “давирхай”-г олон зууны туршид шархны эдгэрэлтэнд ашигласаар ирсэн. Флавонойдын агууламж өндөртэй учраас үрэвслийг дарах, тайвшруулах, бактерийн эсрэг өндөр үр дүнтэй байдаг. Түүнчлэн, чөлөөт радикалтай тэмцэх, чийгшүүлэх үйлчилгээтэй учир ямар ч арьсанд тохирох төгс найрлага юм. Ихэвчлэн батганы эсрэг, хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүдийн найрлаганд орно.

Purge

Retinol, AHA, BHA, Vitamin C зэрэг идэвхитэй найрлага хэрэглэж эхэлсний дөнгөж дараахан эсийн шинэчлэл явагдсаны улмаас арьсны гүнд нуугдаж байсан бохирдол, тослог гадаргуу луу түрэгдэн гарч ирэх үйл явцыг “purge” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь арьсны өөрийгөө цэвэршүүлэх үйл явц юм. Идэвхтэй найрлагаа үргэлжлүүлэн тууштай хэрэглэвэл purge-ийн үйл явцад үүссэн батга ихэвчлэн түргэн хугацаанд арилдаг. Гэхдээ идэвхтэй найрлага агуулаагүй бүтээгдэхүүнээс үүдэж үүссэн батга нь purge биш, харин нүх бөглөрснөөс эсвэл харшилснаас болсон байх магадлалтай.

Resveratrol

Резвератрол нь усан үзмийн хальсанд агуулагддаг хүчтэй антиоксидант бөгөөд арьсыг гадны бохирдол, нарны хэт ягаан туяа зэрэг хүрээлэн буй орчны стрессээс хамгаалж, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдээс хамгаалдаг. Мөн улайлт, цочролын эсрэг тэмцэж эмзэг арьсыг тайвшруулан, ядралтын шинжүүдийг арилгахад тусалдаг. Сүүлийн үед арьс арчилгааны ертөнцийн хайрыг татаж байгаа өндөр үр дүнтэй найрлага юм.

Retinoids

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ нь нотлогдсон цөөн хэдэн найрлагын нэг. А аминдэмийн хэлбэрүүд болох ретиноидууд нь арьсны эс шинэчлэгдэх үйл явцыг доороос нь идэвхжүүлж, улмаар арьсыг толигор болгож хөгшрөлтийн шинж тэмдэгнүүд болон батгашилтыг бууруулдаг. Ретиноидууд нь анх хэрэглэж эхлэхэд цочрол үүсгэдэг гэдгээрээ алдартай тул анхлан хэрэглэгч долоо хоногийн хэдхэн өдөр, зөвхөн оройн арчилгаандаа хэрэглэж, араас нь чийгшүүлэгч түрхэх хэрэгтэй.

Retinol

Энэ бол ретинойдын арай сул, жоргүй олгогддог хэлбэр юм. Ретинол нь молекулын бүтцийн хувьд ретинойдоос ялгаатай учир арай удаан, аажмаар нөлөөлдөг ч хоёулаа retinoic acid болж хувиран, ижил үр дүнг үзүүлдэг. Тиймээс анхлан хэрэглэгч болон эмзэг арьстай хүмүүст ретинойдоос илүү ретинолыг хэрэглэхийг зөвлөдөг. Хэдий ретинойдоос зөөлөн ч гэлээ анхлан хэрэглэхдээ долоо хоногт 3 удаа түрхэж, араас нь чийгшүүлээрэй. Зөвхөн оройн арьс арчилгаандаа хэрэглээрэй.

Rose water

Сарнайн ус нь гүн чийгшүүлэх, зөөлрүүлэх, тайвшруулах үйлчилгээтэй. Мөн бактерийн эсрэг, антиоксидант чанартай.

Salicylic Acid

Тосонд уусдаг BHA төрлийн гуужуулагч найрлага. Нүхний гүнд нэвтэрч, бохирдлыг зөөлөн задалж, илүүдэл тослогийг цэвэрлэн, үхэжсэн арьсыг гуужуулдаг. Тиймээс, хар цагаан болон бүх төрлийн батгатай, тослог арьстай хүмүүст тогтмол хэрэглэхийг зөвлөдөг. Анхлан хэрэглэгчид арьс эмзэгшүүлэх магадлалтай тул долоо хоногт 3 удаа, зөвхөн батгатай, тослог, нүхжилттэй хэсгээрээ хэрэглэж дасгаарай.

Snail Secretion Filtrate

Эмгэн хумсны шүүрэл нь энзим, гиалуроны хүчил, коппер пептид, бактерийн эсрэг пептидээр баялаг, товчхондоо арьсанд олон талаар ач тусаа өгдөг супер найрлага юм. Арьсыг чангалах, коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлэх, батганы сорви болон нөсөө толбыг арилгахад тусалдаг бөгөөд давхар чийгшүүлэх үйлчилгээтэй.

Sodium Laureth Sulfate, Sodium Lauryl Sulfate

Үс, нүүр, биеийн цэвэрлэгч бүтээгдэхүүнүүдэд ордог, хөөсрөх үйлдэлтэй хамгийн түгээмэл сульфатууд юм. Амархан хөөсөрч, үр дүнтэй цэвэрлэдгээрээ давуу талтай боловч арьсны байгалийн тослогийг устгаж, хүчил шүлтийн харьцааг тэнцвэргүй болгодог учраас нүүрний арьс арчилгаанд тохиромжгүй гэж үздэг. SLES/SLS агуулсан цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд нүүрийг “squeaky” цэвэрхэн болгосноор тослогийн үйлдвэржилтийг идэвхжүүлж, арьсыг эмзэгшүүлэн, чийгийн барьерыг гэмтээж, батга гарамтгай болгодог байна.

Squalane

Бидний арьс байгалиасаа squalene (нэг үсгээр өөр бичигддэг) хэмээх тосыг үйлдвэрлэдэг ч нас ахихын хэрээр үйлдвэржилт буурдаг. Тиймээс чидун жимс, дал мод зэргээс гарган авдаг ургамлын гаралтай squalane-ийг арьс арчилгааны бүтээгдэхүүнд өргөн ашигладаг болжээ. Squalane нь бидний арьсанд өөрийн мэт шингэж, зөөлрүүлж, чийглэгийг хадгалан, барьерыг бэхжүүлдэг. Хэдийгээр тослог найрлага боловч нүх сүв бөглөдөггүй учраас батга гарамтгай арьсанд ч хэрэглэх боломжтой.

Tea Tree

Цайны мод нь батга болон түүний үүсгэгч бактериудтай тэмцэх нянгийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг, үрэвслийг намдаах үйлчилгээтэй. Бусад батганы эсрэг найрлагатай харьцуулахад арьсанд илүү зөөлнөөр үйлчилдэг. Зөвхөн үрэвсэлтэй батганаас гадна хар, цагаан батганд ч сайнаар нөлөөлдөг. Их хэмжээгээр хэрэглэвэл хуурайшуулах магадлалтай.

UVA/UVB

Энэ хоёр төрлийн нарны хэт ягаан туяа нь хоёулаа арьсыг гэмтээдэг сөрөг хүчин зүйлс юм. UVA нь арьсны гүнд нэвтэрч, эсийн бүтцэд гэмтэл учруулан, үрчлээ, арьсны хавдар зэргийг үүсгэдэг бол UVB нь арьсны өнгөн давхарга дээр харлалт, түлэгдэлт зэрэг гэмтлийг үүсгэдэг.

Vitamin C

С амин дэм нь арьсны эсийг нарны хэт ягаан туяаны гэмтлээс хамгаалахаас гадна, коллагены үйлдвэрлэлтийг дэмждэг. Арьсыг чангалж, залуужуулж, гэрэлтүүлж, цайруулж, гадаргууг жигд толигор болгодог. С амин дэмийг өдрийн цагаар, нарнаас хамгаалах тостой хослуулан хэрэглэснээр хөгшрөлтөөс хамгаалах өндөр ач холбогдолтой.

Vitamin E

Коллагены задрал болон үрчлээ, хуурайшилт зэрэг эрт хөгшрөлтийн бусад шинж тэмдгүүдээс урьдчилан сэргийлдэг хүчтэй антиоксидант юм.

Yuja/Yuzu

Южа/Юзу болон Зүүн Азид ургадаг цитрусын төрлийн жимс бөгөөд С амин дэмээр баялаг тул арьсыг гэрэлтүүлэх, нөсөө толбо бүдгэрүүлэх, коллагены нийлэгжилтийг дэмжихэд тусалдаг.