Нарны тос бол арьс арчилгаанд хамгийн чухал бүтээгдэхүүн гэж тооцогддог билээ. Харин таны нярай 6 сар хүрмэгц нарнаас хамгаалах тосыг өдөр тутамдаа хэрэглэж байх хэрэгтэйг та мэдэх үү?
Яагаад нарны тос нь 6 сараас дээш настай хүүхдэд зайлшгүй хэрэгтэйг тайлбарлахын өмнө юун түрүүнд том хүний арьс ба хүүхдийн арьсны ялгааг ойлгох хэрэгтэй.
Хүүхдийн арьс том хүнийхээс ямар ялгаатай вэ?
Нярай хүүхдийн арьс нь том хүнийхээс бүтэц, бүрдэл эд эс болон функцийн хувьд ялгаатай байдаг. Хүүхэд төрмөгц, арьс нь усан орчноос хуурай газарт шилжиж байгаа улмаас асар их өөрчлөлтүүдийг туулдаг. Хүүхдийн арьс төрсөн цагаас хойш идэвхитэй бойжиж эхэлдэг.
Нярай хүүхдийн арьсны эс нь илүү жижиг бөгөөд коллаген уургууд нь илүү нимгэн байдаг. Судалгаанаас харахад нярай хүүхдийн stratum corneum буюу хамгийн гадаад давхаргын гаднах бүрхүүл нь том хүнийхтэй харьцуулахад 30%, гадаад давхарга болох эпидермис нь 20%-иар илүү нимгэн байдаг байна. Иймээс нярай хүүхдийн арьс нь том хүний арьстай харьцуулахад илүү их хуурайших магадлалтай байдаг байна. Мөн хүүхдийн биеийн гадаргуу болон жин/эзлэхүүний харьцаа нь том хүнийхээс илүү өндөр байдаг учраас хүүхдийн арьс наранд илүү мэдрэг болдог.
Хүүхдийн арьс нь том хүнийхээс зөвхөн бүтцээрээ ялгараад зогсохгүй, арьсанд агуулагдах байгалийн нэгдлүүдээрээ ч мөн ялгагддаг. Хүүхдийн арьсанд байгалийн чийгшүүлэгч хүчин зүйл (natural moisturizing factor-NMF), липид болон меланин илүү бага агуулагддаг. Байгалийн чийгшүүлэгч хүчин зүйл (NMF) илүү бага хэмжээгээр агуулагдах нь илүү хурдан хугацаанд чийг алдагдахад хүргэдэг.
Хүүхдийн арьс том хүнийхтэй харьцуулахад илүү өндөр pH хэмжээтэй байдаг нь мөн л хамгаалах давхарга нь том хүнийхтэй харьцуулахад илүү эмзэг байдгийг илтгэдэг. Олон тооны нярай хүүхдүүдийн дунд явуулсан нэгэн клиникийн судалгаагаар дөнгөж төрсөн нярай хүүхдийн арьсны pH хэмжээ 6.34 байсан бол дөрөв хоногийн дотор 4.95 болж буурч, 7-30 хоногийн хооронд 4.7 болж буурчээ. Арьсны хүчиллэг шүлтлэг орчин нь микроб болон бусад нян, бактериас хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг. Илүү өндөр pH хэмжээтэй байх нь арьсны хамгаалах давхарга илүү сул байгааг илтгэдэг.
Арьсны эдгээр бүтцийн болон нэгдэл эд эсүүдийн ялгаа нь арьсны хамгаалах давхаргын үйлчлэх функцэд мөн нөлөөлдөг. Хамгаалах давхаргын нэгэн чухал хэмжүүр нь ‘trans-epidermal water loss’ буюу арьсны чийг алдалт байдаг. Нярай хүүхдийн арьс том хүнийхтэй харьцуулахад чийг алдах хэмжээ нь илүү өндөр байдаг. Мөн хүүхдийн чийг авах, алдах шинж чанарууд нь ч мөн ялгаатай. Хэдийгээр хүүхдийн арьс нь гаднаас чийг авах чадвар нь илүү сайн ч гэлээ эргээд чийг алдах хурд нь том хүнийхээс илүү хурдан байдаг. Эдгээр шинж чанарууд нь хүүхдийн арьсыг илүү хуурайших магадлалтай болгодог бөгөөд дархлааны систем нь хөгжиж байгаа үед илүү их халдвар авах, үрэвсэх магадлалтай болгодог.
Эдгээр бүх шалтгаануудаас хамааран хүүхдийн арьс нь том хүнийхээс илүү гадаад орчинд илүү мэдрэг болгодог бөгөөд зөв арчлаагүй тохиолдолд арьс нь илүү хуурайшиж улмаар арьсны элдэв өвчлөлүүд болох дерматит, экзем болон цаашлаад бусад халдварт өвчин ч авах магадлалтай болдог байна.
Хүүхдийн арьс арчилгаа
Хүүхдийн арьс нь том хүний арьстай харьцуулахад нэн эмзэг байдаг учраас та хүүхдэдээ арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо үнэртүүлэгч бодис агуулаагүй, бактерийн эсрэг, ер нь л ‘хүүхдийн’ зориулалттай гэж хаягласан хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдан авах нь хамгийн зөв сонголт болох юм. АНУ-ын FDA (Food and Drug Administration) 6 сараас доош нярайг нарны шууд тусгалаас хол байлгахыг зөвлөдөг. Ялангуяа нарны хэт ягаан туяа хамгийн хортой үед буюу 10.00- 14.00 цагийн хооронд. Зайлшгүй наранд гарах шаардлагатай бол хүүхдийн биеийг халхалсан урт өмд, урт ханцуйтай цамц, малгай өмсгөж хүзүү зэргийг наранд түлэгдэхээс сэргийлэх хэрэгтэй. Халуун наранд бидний бие өөрөө температуураа зохицуулж, биеийн хэмийг буулгах чадвартай байдаг ч нярай хүүхдэд уг чадвар нь бүрэн бүрдээгүй байдаг тул наранд амархан халах магадлалтай байдаг.
Нярай хүүхдийг наранд гаргах зөвлөгөө
- Хүүхдээ аль болох нарны эгц тусгалаас хол байлгах
- Хүүхдийн биеийг халхалсан хувцас, малгай зэргийг өмсүүлэх. Та хувцасны нарны хамгаалалтыг шалгахдаа гаран дээрээ барих аль эсвэл нарны өөдөөс барьж үзэхэд нарны тусгал шууд тусч байвал хангалттай хамгаалах материал биш байна гэж үзнэ.
- Хүүхдээ наранд түлэгдэж байгаа, шингэн дутагдсан эсэхийг сайтар анзаарах. Энэ нь улайлт, хүүхэд уурлах, их уйлах зэрэг шинж тэмдгүүдээр илэрч болно.
- Хэрвээ таны хүүхэд наранд түлэгдсэн бол яаралтай нарнаас гарч, наранд түлэгдсэн хэсгүүдэд хүйтэн жин тавина. Өрхийн эмнэлэг болон хүүхдийн эмч рүү залгаж мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй.
- Хүүхдэдээ шингэн зүйл хангалттай өгөх. Хэдэн минутаас илүү хугацаанд байгаа бол хүүхдээ хөхүүлэх, аль эсвэл угжаарай.
Яг хэзээнээс хүүхдийн нарны тос хэрэглэх вэ?
Мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр 6 сараас дээш хүүхдэд нарны тос түрхэхийг зөвлөдөг. Хүүхдэдээ нарны тос сонгохдоо хамгийн багадаа SPF30+ хэмжээтэйг сонгох ба аль болох наранд хэт удаан байлгахгүй, нарнаас хамгаалсан хувцас, хэрэглэлийг өмсүүлэх шаардлагатай. Хүүхдийн нарны тосоо биеийн ил гарах хэсгүүдэд нь түрхэж, 2 цаг тутамд сэргээж өгөөрэй. Хэрвээ бассейн зэрэг усанд орж байгаа бол нарны тосоо бүр сайтар түрхэх эсвэл усны хамгаалалттай тос сонгох шаардлагатай.
Та хүүхэдтэйгээ нарны тосоо хуваалцаж болох уу?
Ердийн нарны тос болон хүүхдийн нарны тос хоёрын гол ялгаа нь арьсыг ‘эмзэгшүүлэх’ магдалалтай орц найрлагуудын агууламж юм. Химийн төрлийн нарны тосонд ихэнхидээ ‘avobenzone’, ‘oxybenzone’ гэх нарны хэт ягаан туяаг дулаан болгож хувиргадаг орцууд агуулагдсан байдаг нь нарнаас хамгаалах үүргээ сайн биелүүлдэг хэдий ч арьсыг эмзэгшүүлэх магадлалтай байдаг. Химийн нарны тосны голлох орцууд молекулын хэмжээ багатай учраас арьсны дотоод давхаргаруу нэвтрэх чадалтай юм. Мэдээж, том хүний арьсан дээр төдийлөн нөлөөлөхгүй байж болох ч хүүхдийн булбарай, илүү эмзэг арьсыг эмзэгшүүлэх магадлал илүү өндөр учраас ‘хүүхдийн’ хэмээн хаягласан нарны тос хэрэглэх нь хамгийн аюулгүй, зөв сонголт болох юм. Хүүхдийн нарны тос нь ихэвчлэн минерал/физикал төрлийн байдаг бөгөөд ямар нэгэн үнэртүүлэгч, химийн гаралтай орц найрлага агуулаагүй байдаг. Тиймээс та хүүхэддээ нарны тос сонгохдоо дор хаяж SPF 30+ хэмжээтэй, минерал/физикал төрлийн, ‘хүүхдийн’ нарны тос сонгох нь хамгийн зөв шийдвэр болох нь.