Шилжилтийн насны 10 хүүхэд тутмын 8 нь батгатай нүүр тулдаг бөгөөд үүний цаана хэд хэдэн шалтгаан бий. Тэдгээрийг ярихаас өмнө хамгийн эхлээд батга гэж юу болохыг авч үзье.
Батга гэж юу вэ?
Хүний арьсан дээрх нүх сүв болон үсний уутанцар бөглөрч, бактери үржих үед цагаан, хар батгууд гардаг. Энэ нь хүний тослогийн булчирхайнууд (oil glands) идэвхитэй ажиллаж, илүүдэл тослог буюу СЕБУМ ихээр ялгарах үед үүсдэг. Тийм ч учраас эдгээр булчирхайнууд илүү идэвхтэй ажилладаг биеийн хэсгүүд болох нүүр, цээж, нуруу, хүзүү, мөр зэрэг газруудад батгашилт үүсэх нь элбэг байдаг.
Хар батга “open comedo” гэж юу вэ?
Ихэвчлэн төвдөө хар өнгөтэй, хавтгай эсхүл бага зэрэг товойсон хэлбэртэй байдаг бөгөөд хар батга нь үхэжсэн эд эс, тослог, бактериуд онгорхой байсан нүхийг бөглөснөөс болж хар батга үүсдэг. Нүхийг бөглөсөн бодисууд агаартай урвалд орсноос төвдөө хар өнгөтэй болдог. Хэрэв хар батга үрэвсвэл улаан батга болно.
Цагаан батга (closed comedo) гэж юу вэ?
Цагаан батга нь меланингүй бөгөөд үрэвсэлгүй байдаг. Арьсны гуужаагүй үхэжсэн эд эс нүхийг бөглөснөөс болж үүсдэгтэй нь холбоотой учраас ихэвчлэн хуурай арьстай хүний нүүрэн дээр гардаг,. Ингэж бөглөрсөн нүхэнд агаар ордоггүй тул хар батга шиг өнгөтэй болдоггүй байна.
Үрэвсэлт батга
Үрэвсэлт батга нь pustule, papule гэсэн хоёр төрөлтэй. Pustule нь төвдөө цагаан, цайвар ягаан өнгийн толгойтой байдаг бөгөөд хүрэхэд хөндүүрлэнэ. Papule нь жижгэвтэр, хөндүүртэй бөгөөд улаан өнгөтэй үрэвсэлтэй байдаг.
Яагаад шилжилтийн насны үед батга гардаг вэ?
Бэлгийн бойжилт
Бэлгийн бойжилт явагдах үед хүнд андроген хэмээх эр бэлгийн дааврууд ялгардаг. Эдгээр гормоны ачаалал, нэмэгдэл нь арьсны тосны уутанцаруудыг хэт идэвхжүүлж, нүхжилтийг томосгох, их хэмжээгээр тос ялгаруулах, илүүдэл тослог (себум) үүсгэдэг. Арьсан дээр хэтэрхий их тослог буюу себум хуримтлагдахад, арьсны нүх сүв, үсний уутанцарууд арьсны эсээр дүүрч бөглөрдөг байна. Мөн тослог ихэдсэн үед “Cutibacteriumacnes” хэмээх нэртэй бактери үрждэг.
Энэ үед өмнө дурьдсан, дан ганц нүүрээр зогсохгүй тослогийн булчирхайнууд их байдаг хүзүү, цээж, нуруу зэрэг газруудад хүртэл батга гарах нь элбэг. Хэдийгээр гормоны өөрчлөлттэй холбоотой батгыг зогсоох аргагүй хэдий ч үр дүнтэй, зөөлөн үйлчилгээтэй зохих арьс арчилгааны дэглэм нөхцөл байдлыг дээрдүүлж чадна.
Ген/удамшил
Хэрвээ таны эцэг эх батга гарамтгай арьстай бол танд ч мөн батга гарах магадлал туйлын өндөр байдаг. Гэхдээ сэтгэлээр унаж болохгүй, учир нь өнөөгийн нөхцөл байдалд батганы эсрэг үйлчилгээтэй олон бүтээгдэхүүн, эмчилгээ нээлттэй болсон шүү дээ.
Арьсаа үрж, батгаа оролдож шахах
Батга гарах нь ялангуяа шилжилтийн насанд хүндээр тусдаг учраас хуруугаараа оролдож, нэг мөр шахахыг оролддог. Гэхдээ түүнээс өмнө түр азнаарай. Батгаа шахах нь арьсыг гэмтээж, цаашлаад батгыг улам дордуулах магадлалтай. Батга шахахад нүх рүү тослогийг нь хүчээр улам доошоо явуулж байдаг учраас эцэст нь батганы тодоос тод сорвитой үлддэг.
Мөн арьсаа хүчтэй үрэх нь арьсаа улам эмзэгшүүлж, үрэвсүүлэх шалтгаан болдог. Арьс арчилгааны скраб бүтээгдэхүүн хэрэглэсэн ч тэр нь арьсны хамгаалах давхаргыг гэмтээж, бичил урагдал үүсгэж илүү батга гарах магадлалыг нэмэгдүүлдэг.
Сарын тэмдэг
Дахиад л гормон. Охидуудын сарын тэмдэг ирэх үед батга илүү их нэмгэддэг. Энэ нь прогестерон хэмээх гормоны түвшин огцом нэмэгддэгтэй холбоотой юм. Сарын тэмдгийн үед гардаг батга нь ихэвчлэн улаан, үрэвсэлтэй байдаг хэдий ч цагаан батга болдоггүй. Эдгээр батга сарын тэмдэг дуусаад, биеийн гормоны түвшин энгийн болох үед дагаад арилдаг.
Нүүр будаг болон үсний бүтээгдэхүүн
Бид цаг үргэлж л хамгийн сайхнаараа харагдахыг хүсдэг хэдий ч яг тэр зориулалтын зарим бүтээгдэхүүн бидний эсрэг үйлчлэх тохиолдол бий. Нүүр будалтын багс нь батга үүсгэх бактери, үхэжсэн эс, тослог зэргийг бидний нүүрэнд наадаг. Мөн бид будгаа арилгахдаа нүүрний арьстайгаа илүү ширүүн харьцах хандлага байдаг. Үсний бүтээгдэхүүн ч мөн нүүрний арьсанд наалдах үед жижиг биржгэр батга болон гардаг.
Стресс
Шилжилтийн нас нь олон өөрчлөлтийн үр дүнд стресс дагуулж байдаг. Тэгвэл стресс нь хүний биеийн кортисол хэмжээг ихэсгэснээр батгашилтыг улам дордуулдаг. Арьсан дээрх тослогийн булчирхайнууд нь кортисол хэмээх гормоныг хүлээж авах тусгай рецепторуудтай байдаг учраас хэмжээ нь ихэссэн үед илүү их тослог ялгаруулдаг байна.
Шилжилтийн насны батгатай тэмцэх энгийн аргууд
Шалтгаануудыг нь олж мэдсэн юм чинь шийдвэрлэж болох арга замуудаас нь хуваалцъя:
– Өглөө, оройдоо зөөлөн нүүр цэвэрлэгчээр бүлээн усаар нүүээ цэвэрлэж хэвших,
– Үс болон нүүр будалтын бүтээгдэхүүнүүдээ ‘non-comedogenic’ буюу нүх сүв бөглөхгүйг сонгож хэрэглэх,
– Салицилийн хүчил, гликолийн хүчил, лактик хүчил, азелайк хүчил зэрэг найрлага агуулсан бүтээгдэхүүн ашиглаж арьсаа гуужуулах,
– Зөөлхөн чийгшүүлэгч тос хэрэглэх. Хүнд бүтэцтэй тос нь арьсны нүх сүвийг бөглөж, илүүдэл тослог хуримтлуулснаар батга гаргадаг. Чийгшүүлэгч тосоо сонгохдоо химийн үнэртүүлэгч агуулаагүй, усан, хөнгөн бүтэцтэйг сонгож хэрэглэх нь тохиромжтой.
– Батгаа хэзээ ч битгий өөрөө оролд!
– Хэрвээ шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн эмчид хандаж, эм бичүүлж авах.
Хооллолт болон шилжилтийн насны батга
Ихэнх тохиолдолд шилжилтийн насны үеийн батга нь буруу хооллолтоос болж гардаггүй бөгөөд шалтгаан нь тослогийн булчирхайнуудыг идэвхжүүлдэг гормонуудаас үүдэлтэй байдаг.
Витамин болон бусад эм бэлдмэл
Зарим тохиолдолд нэмэлтээр ууж байгаа витамин болон амин дэм нь шаардлагагүй байгаад зогсохгүй аюултай ч байж болно. Учир нь эмчийн бичиж өгдөг батганы эсрэг эм нь ихэнхидээ Витамин А-с гаралтай байдаг бөгөөд энэ витамин нь хүний биед удаан хугацаанд хуримтлагдсан тохиолдолд толгой өвдөх, арьс үсний асуудал үүсэх, бүр цаашлаад элэгний үрэвсэл үүсгэх гэх мэт сөрөг үр нөлөөг авчирдаг байна. Ийм учраас өөрөө дур мэдэн нэмэлт эм бэлдмэл хэрэглэхийн өмнө мэргэжлийн эмчид хандан, сайтар судалгаа хийж хэрэглэх нь зүйтэй.
Хэдийгээр хооллолт болон өсвөр насны батгыг шууд холбох хангалттай үндэслэл байхгүй хэдий ч шилжилтийн нас нь стресс ихтэй үе байдаг учраас буруу хооллох нь элбэг байдаг. Энэ нь мэдээж дан ганц арьсанд муугаар нөлөөлөөд зогсохгүй, биеийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлнө. Тийм учраас энэ үедээ стрессээ гаргах, алжаалаа тайлах илүү үр бүтээлтэй, эрүүл аргыг хайж, өөртөө хэвшүүлэх нь туйлын чухал юм.