Жирэмсний үе бол эмэгтэй хүн бүрийн амьдралын хамгийн хамгийн их өөрчлөлтийг мэдэрдэг үе юм. Энэ нь дан ганц бие физиологи бус мөн сэтгэл санаа, гормон, арьсанд хүртэл өөрчлөлт орж зарим асуудлууд гарч ирдэг. Тэгвэл тэдгээр арьсны асуудлуудтай хэрхэн тэмцэх вэ? гэдэг талаар авч үзье.
Гормоны батга
Жирэмсний үе дэх огцом гормоны өөрчлөлт (болон стрессийн хэмжээ) нь тос ихээр ялгаруулж батга гаргадаг. Ялангуяа эрүү, хацар, шанаа хэсгээр батга гарах нь элбэг байдаг. Ийм төрлийн гормоны батгыг эмчлэхдээ зөөлөн хувьтай AHA орцтой бүтээгдэхүүн хэрэглэхийг санал болгодог. Арьсны эмч нар жирэмсний үед арьсны гадаад давхаргыг нэвтрэх чадвартай ретинол зэрэг хүчтэй идэвхитэй орц найрлагаас зайлсхийхийг зөвлөдөг бөгөөд хэдийгээр урагт нөлөөлөхгүй хэдий BHA төрлийн салицилийн хүчил зэргээс мөн татгалзахийг зөвлөдөг байна. Учир нь жирэмсэн байх үед арьс илүү их мэдрэг, эмзэг болдог учраас салицилийн хүчлээс эмзэгших магадлалтай гэж үздэг ажээ.
Жирэмсний үед гормоны батгатай тэмцэхдээ AHA найрлагаас гадна “azelaic acid” хэрэглэх нь аюулгүй ба батганы эсрэг, сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх. арьсны өнгийн жигдрүүлэх зэрэг үйлчилгээг сайн үзүүлж чаддаг найрлага юм.
Арьс мэдрэг болох
Жирэмсний үеийн гормоны өөрчлөлт нь арьсыг наранд өмнөх үеэсээ илүү мэдрэг болгоод зогсохгүй өмнө хэрэглэхэд ямар ч асуудалгүй бүтээгдэхүүнээсээ ч харшлах магадлалтай болгодог байна. Энэ нь эмэгтэй хүний байгалиасаа өөрийгөө болон хэвлий дэх хүүхдээ гадны элдэв нөлөөллөөс хамгаалж байгаа нэгэн хэлбэр гэж үздэг. Энэ үед мөн зарим эмэгтэйчүүдийн арьсны экзем, розацеа зэрэг арьсны өвчлөлүүд ч сэдрэх боломжтой.
Энэ үед нарны тосоо өдөр тутамдаа хэрэглэхээс гадна долоо хоногтоо тайвшруулах үйлчилгээтэй маск 1-2 удаа хэрэглэх нь тохиромжтой. Бусад арьс арчилгааны үндсэн шатны бүтээгдэхүүнүүд болох цэвэрлэгчээ зэргээ зөөлнийг (pH 5.0-6.0) сонгож, аль болох химийн гаралтай орц найрлага, үнэртүүлэгч зэрэг агуулсан бүтээгдэхүүнүүдээс зайлсхийгээрэй.
Илүү их улайлттай, хуурай арьс
Жирэмсний үед эмэгтэйчүүдийн цусны эргэлт ихэсдэг учраас арьс улайх асуудал ихэнх эмэгтэйчүүдэд тохиолддог байна. Зарим эмэгтэйчүүдийн арьс нь илүү их тослогждог байхад заримых нь илүү их хуурайших шинж тэмдэг илэрдэг. Энэ нь биеийн бүх шингэн хамгийн эхлээд хүүхэд рүү нь очиж байгаагаас үүдэлтэй.
Энэ үед ус их хэмжээгээр ууж, усны агууламж өндөртэй хүнс, ногоо түлхүү хэрэглэх хэрэгтэй. Арьс арчилгааны бүтээгдэхүүндээ чийг татагч гиалуроны хүчил, бета-глюкан зэрэг орц найрлага агуулсан бүтээгдэхүүн өглөө, оройдоо хэрэглэх хэрэгтэй.
Зайлсхийх орц найрлагууд:
Жирэмсний үед зайлсхийхийг зөвлөдөг байгалийн болон синтетик орцуудыг дурьдваас:
- Ретинол: Зарим судалгаагаар ретинол найрлага нь урагт гаж нөлөө үзүүлж байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг учраас энэхүү найрлагаас аль болох татгалзаарай. Мөн өөр нэгэн татгалзах шалтгаан бол ретинол нь эсийн шинэчлэлийн хурдасгадаг учраас аль хэдийн илүү эмзэг, мэдрэг болсон арьсыг улам бүр дордуулдаг байна.
- Phthalates/ formaldehyde/toluene: Эдгээр найрлагуудыг үнэртэй ус болон хумсны лаканд агуулагдсан эсэхийг хэрэглэхийн өмнө шалгаж үзээрэй. Учир нь зарим судалгаанд эдгээр найрлага нь урагт нөлөөлж болзошгүй болохыг анхааруулсан байна.
- Ammonia: Үсний будагт агуулагддаг энэ найрлага нь хавдар үүсгэдэг байж болзошгүй учраас ямар ч зайлсхийгээрэй.
- Зарим амин тос (essential oils): Амин тосны агентууд нь жижиг молекулын хэмжээтэй ба маш уян хатан чадвартай байдаг тул биеийн бүх л хэсэгт нэвтрэх боломжтой. Ихэнх амин тос арьсыг нарны хэт ягаан туяанд арьсыг илүү мэдрэг болгодог. Хэдийгээр байгалийн гаралтай ч дараах төрлийн амин тоснуудаас жирэмсний үедээ аль болох зайлсхийхийг танд зөвлөж байна. Үүнд:
- basil
- rosemary,
- juniper berry,
- jasmine,
- cypress,
- camphor,
- peppermint extract,
- mint oil зэрэг амин тоснууд багтана.