Мэдээлэл

Арьс цэвэрлэгдэх үйл явц болон батгашилтын ялгаа

Бидний хэрэглэж эхэлсэн зарим бүтээгдэхүүн арьсны нөхөн төлжих хугацааг хурдасгаж, эд эсийн үйлдвэрлэлтийг дэмжиж өгдөг. Шинэ эд эсүүд хурдацтай бий болсноор гаднах эсүүдээ түрж улмаар батга нэмэгдэх, арьс улайх зэрэг шинж тэмдэг илэрдгийг ‘skin purging’ буюу арьс цэвэрлэгдэх үйл явц хэмээн нэрлэдэг. Хүмүүс ихэнх тохиолдолд энэ үйл явцыг буруу уншиж бүтээгдэхүүн нь тохирохгүй байна гэж үзэн бүтээгдэхүүнээ хаях аль эсвэл сольдог. Тэгвэл үнэхээр арьс цэвэрлэгдээд байна уу аль эсвэл бүтээгдэхүүн үнэхээр арьсанд тохирохгүй байна уу гэдгийг хэрхэн ялгах вэ?

Skin purging гэж юу вэ?

Skin purging гэдэг нь маш энгийнээр тайлбарлавал арьсны нөхөн төлжих хугацааг хурдасгаснаар нүх сүвэнд бөглөрсөн байсан илүүдэл себум, бактери, бохирдол зэргийг арьсны гадаргуу дээр түрэн гарч ирэх процессыг хэлдэг. Энгийн арьсны нөхөн төлжих хугацаа 28 хоног байдаг бол тодорхой идэвхит нэгдлүүдийг арьс арчилгаандаа нэмснээр энэ хугацааг багасах боломжтой болдог байна.

Skin purging үүсгэх магадлалтай орц

Ретинол (Витамин А)

  • АHA, BHA, PHA зэрэг гуужуулагч найрлагууд
  • Витамин С
  • Benzoyl Peroxide (батганы эсрэг идэвхитэй найрлагууд) зэрэг орц найрлагууд арьсыг ‘purge’ хийлгэх тун өндөр магадлалтай.
    Мөн арьсны гоо сайхан, лазер эмчилгээнд орох үед арьс цэвэрлэгдэх үйл явц явагдаж болно.

Хэрхэн арьс цэвэрлэгдэх үйл явцыг амжилттай давах вэ?

Хамгийн эхлээд хаана батга гарч байгаагаа сайтар ажиглах хэрэгтэй. Арьс цэвэрлэгдэх буюу ‘skin purging’ явагдах үед өмнө батга гардаг байсан хэсгүүдээр нэмж батга гарна. Хэрвээ өмнө батга огт гардаггүй байсан хэсгээр батга гарч ирвэл таны шинэхэн бүтээгдэхүүн тохирохгүй байгаа магадлал тун өндөр юм.

Дараагийн алхам нь таны арьсан дээр хэр урт хугацаанд өөрчлөлт явагдаж байгааг анзаарах юм. Арьс цэвэрлэгдэх үйл явц нь ихэнхдээ 4 долоо хоног орчим үргэлжилдэг. Тиймээс та бүтээгдэхүүнээ шууд хаяж, солихгүйгээр тууштай дор хаяж 1 сар хэрэглээд үзээрэй. Харин түүнээс цаашаа нөхцөл байдал дээрдэхгүй, батга нэмж гарсаар байвал та бүтээгдэхүүнээ хэрэглэхээ зогсоох нь зүйтэй.

‘Skin Purging’ явагдаж байгаа үед яах вэ?

  • Батга гарсан үрэвсэлтэй хэсгийг оролдохгүй, шахахгүй байх;
  • Хэрэглэж эхэлсэн идэвхитэй орц найрлагаа бага багаар арьсаа дасгаж, аажмаар давтамжийг нь нэмэгдүүлж хэрэглэх;
  • Шууд бүтээгдэхүүнээ хэрэглэхээ зогсоохоос зайлсхийх (ямар ч үр дүнд тодорхой хугацаа хэрэгтэй байдаг шүү дээ);
  • Аль болох хүлээцтэй, тайван хандах.

 

Батгашилтаас ялгагдах нь:

Батга нь нүх сүв бөглөрснөөс үүдэн гардаг бөгөөд гормоны өөрчлөлт, гуужуулалт дутсанаас, тос хэт их ялгарснаас, нүх сүв бөглөх бүтээгдэхүүн хэрэглэсэн зэрэг олон шалтгаанаас хамаарч илэрдэг.

Арьс цэвэрлэгдэх үйл явцаас ялгагдах нь:

  • эдгэрэх үедээ тод сорви үлдээдэг,
  • 3-4 долоо хоногийн дараа ч үргэлжилсээр байдаг,
  • идэвхит орц найрлага агуулсан бүтээгдэхүүн хэрэглээгүй үед гарах зэрэг шинж тэмдгүүдээр ялгаатай байдаг.

Батганы цаана олон шалтгаанууд нуугдаж байдаг. Магадгүй таны хоол хүнснээс, цаг агаараас, чийгшүүлэгч тосноос аль эсвэл угаагаагүй дэрний уутнаас ч болсон байх магадлалтай. Эдгээрийг эхлээд шалгаж үзээд, хэрвээ өөрчлөх үед алга болж байвал та батганы эмчилгээгээ олсон байнаа гэж үзэж болох нь ээ.

Шинэ бүтээгдэхүүнээ ор тас хаяхаасаа өмнө эдгээр шинж тэмдгийг харгалзаж үзээд үнэхээр тохирохгүй байна уу эсвэл идэвхит орц найрлага нь эсийн шинэчлэлтийг хурдасгаж таны арьс цэвэрлэгдэж байна уу гэдгийг шүүж үзээрэй.