Арьс арчилгааны олон арван бүтээгдэхүүнийг та хичнээн хэрэглэлээ ч таны амьдралын хэв маяг, нэн ялангуяа хооллолт буруу бол та хүссэн үр дүндээ төдийлөн хүрч чадахгүй л болов уу. Таны ходоод болон арьс салшгүй холбоотой байдаг. Тэгвэл тэр дундаа сахар таны арьсанд хэрхэн нөлөөлдөг бол?
Сахар агуулсан хоол хүнс ярихын өмнө зайлшгүй дурьдах ёстой ойлголт бол Гликемийн Индекс.
Glycemic Index (GI) хэмжээ гэж юу вэ?
Гликемийн хэмжээ гэдэг нь нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүн хүний биед орохдоо цусан дахь глюкозын буюу сахарын хэмжээг хэрхэн нэмэгдүүлж байгааг тодорхойлдог хэмжээ юм. Гликемийн индексээрээ ӨНДӨР хүнсний бүтээгдэхүүн нь хүний биед орсноор түргэн хугацаанд глюкоз болон хувирч инсулин хэмжээг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь бүхэл биедээ сөрөг нөлөө үзүүлж байдаг. Цагаан талх, чихэр, шарсан хоол хүнс, зайрмаг, хийжүүлсэн ундаа болон ер нь л гол найрлага нь сахараас бүрддэг бүх л төрлийн хоол хүнс хүний биеийн инсулин хэмжээг нэмэгдүүлж биеийг хордуулж, үрэвсүүлэхэд хүргэдэг.
Инсулины хэмжээ хүний биед огцом нэмэгдэх үед арьс нь тосыг энгийн үеэс илүү их үйлдвэрлэж, арьсны уутанцарыг бөглөснөөр цаашлаад батга гарах үндсэн шалтгаан болдог байна.
Илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Хүний бие сахарын хэмжээ ихтэй хоол хүнсийг идсэнээр түүнийг нь глюкоз болгон хувиргах ба тэр нь цусаар дамжин бүхий л биеэр тархдаг. Ингэх үед, хүний бие глюкозын хэмжээ нэмэгдэж байгааг анзаарч түүнийг тэнцвэржүүлэхээр инсулин үйлдвэрлэж эхэлдэг. Инсулин нь сөрөг нөлөөтэй энзимүүдийг бий болгож тэдгээр нь хүний биеийн коллагентай очиж наалдах энэ процессийг Гликемин (glycation) гэж нэрлээд байгаа аж. Гликамин нь хүнийг харагдах байдлаас нь хөгшрүүлээд зогсохгүй батга болон rosacea зэрэг арьсны өвчнүүдийг улам дордуулдаг байна. (Гликамин нь мөн дотоод холбогч эд эсүүдийг ч их хэмжээгээр гэмтээж байдаг!)
Сахарын хэмжээ ихэсмэгц таны бие түүний эсрэг инсулин ялгаруулдаг гэдгийг бид мэдэж авлаа. Тэгвэл энэхүү инсулиныг мөн бууруулахын тулд хүний андроген (androgen) хэмээх гормон ялгаруулдаг нь мөн л батгыг улам нэмэгдүүлдэг байна. Энэ нь удаан хугацааны турш үргэлжлэх юм бол таны арьс улам л асуудалтай болно. Тиймээс ямар төрлийн хоол хүнс нь Гликемийн хэмжээгээрээ их байгааг буюу идсэний дараагаар цусан дахь сахарны хэмжээг ямар хүнс их өсгөдгийг мэдсэнээр та эрүүл хооллоод зогсохгүй, арьсаа ч толигор харагдуулах боломжтой.
Сахар таны арьсанд хэрхэн нөлөөлдгийг дахин нэг товчоор авч үзье:
- Сахар нь арьсыг улам бүр үрэвсүүлж, коллаген үйлдвэрлэлтийг саатуулж, эсийн нөхөн төлжилтийг удаашруулдаг. Та хэдий хэмжээгээр сахар бага идэж, гликемийн хэмжээ багатай хоол хүнс хэрэглэнэ тэр хэмжээгээрээ л таны арьс эрүүл байна гэсэн үг юм. Хүний биеийн инсулин хэмжээ нэмэгдсэнээр арьсны нүх сүвийг бөглөх эсүүд ихээр ялгарч, тослог их үйлдвэрлэдэг тул батга гарахаас гадна эрүүл мэндийн ч асуудлууд тулгардаг.
- Та эрүүл хооллолтыг зөв зохистой арьс арчилгаатай хослуулснаар таны арьс үзэсгэлэнтэй, эрүүл байх боломжтой. Таны идэж буй хоол хүнс болон батгашилт нь хоорондоо салшгүй холбоотой гэдгийг судлаад гаргачихсан байгаа шүү дээ.
Ухаалаг сонголт таны гарт! Гликемийн хэмжээ багатай хоол хүнс идэж, сахарын оронд байгалийн гаралтай сахар агуулсан жимс, ногоо болон бүхэл үрийн хүнс түлхүү ашиглах хамгийн зөв сонголт юм. Эдгээр хоол хүнс нь инсулин хэмжээг нэмэгдүүлэхгүй бөгөөд батга гарах, арьсны элдэв асуудал үүсэх магадлал тун бага юм. Та хоол хүнсний гликемийн хэмжээг шалгаад нэг үзээрэй. Та гайхаж ч магадгүй юм.
Зарим хоол хүнсний GI хэмжээ:
Бага: Ногоо, түүхий лууван, шош, хивэгний үр тариа, алим, лемон, бор будаа, цэцэгт байцаа, өргөст хэмх.
Дунд зэрэг: гадил, манго, үзэм, зөгийн бал, мөхөөлдөс, попкорн.
Өндөр: Цагаан будаа, цагаан талх, төмс, хулуу, тарвас зэрэг хоол хүнс орно.
Эх сурвалж:
- “Does eating sugar really cause acne?”, www.forbes.com
- “GI and Carbohydrates”, www.gisymbol.com