Зөвлөгөө

Витаминууд арьс арчилгаанд

Витаминууд бол бие организмын үйл ажиллагааг хэвийн байлгахад өндөр хувь нэмэртэй молекулууд гэдгийг бид бүгд мэднэ. Витамин нь тосонд уусдаг буюу өөрөө тос-давамгай бүтэцтэй эсвэл усанд уусдаг буюу өөрөө ус-давамгай бүтэцтэй гэсэн хоёр том ангилалд багтдаг. Харин арьс арчилгаанд витамин бүр харилцан адилгүй үр дүнтэй байдаг. Арьс арчилгааны бүтээгдэхүүнд хамгийн түгээмэл ашиглагддаг витаминуудыг харцгаая:

Витамин А буюу Ретинойдууд

Яг юу вэ?

Витамин А бол тосонд уусдаг буюу тос-давамгай бүтэцтэй нүдний хараа, нөхөн үржихүй, дархлаа, цагаан эс болон эсийн хуваагдал гэх мэт зайлшгүй шаардлагатай процессуудыг дэмждэг амин дэм юм. Витамин А нь лууван, улаан лооль, үхрийн элэг, загасны тос, бүх төрлийн хулуу, манго гэх мэтэд өндөр хэмжээгээр агуулагдаж байдаг.

Тэгвэл арьсанд ямар нөлөөтэй байдаг вэ?

Арьсанд түрхэж хэрэглэх үед антиоксиндантын үүргийг гүйцэтгэж, коллаген боловсруулалт, эсийн шинэчлэлийг дэмжиснээр үрчлээ багасаж, үрэвсэл дарагдахаас гадна тослогжилт багасдаг. Витамин А буюу ретинойдууд анхлан хэрэглэгчдэд эмзэгшилт үүсгэх эрсдэлтэй байдаг. Дермис буюу судас, тосны булчирхай, үсний сүв гэх мэт нь орших дотор талын давхаргад байрлах фибробласт эсүүдийг өдөөснөөр амласан үйлчилгээгээ үзүүлдэг. Арьсны гүнрүү орох чадамжтай байх нь эмзэгшилт үүсгэх эрсдэл өндөртэй гэсэн үг юм. Гэхдээ олон жилийн судалгаагаар үр дүнтэй нь тогтоогдсон тул өнөөг хүртэл хөгшрөлтийн эсрэг, архаг батгашилтын эсрэг хамгийн үр дүнтэй орц гэж тооцогдсоор байна.

Олон төрлийн витамин A байдаг. Яг аль төрлийг нь сонгох вэ?

Гол 3 төрөл нь Retinol, Retinal, Retinoic acid юм. Ялгааг нь ойлгохын тулд эхлээд ретинол буюу витамин А нь хэрхэн биеэнд орсны дараа хувирч, идэвхтэй хувилбартаа хүрдгийг харъя:

Ретинол нь биеэнд орсны дараагаар ретинал болж хувирдаг. Ретинал нь нөгөө хоёроо бодвол тэнцвэргүй бөгөөд retinoic acid буюу ретинойн хүчил болж хувирахдаа хурдан байдаг. Ретинойн хүчил бол ретинолын био-идэвхтэй хувилбар юм. Био-идэвхит хувилбараар нь шууд хэрэглэвэл илүү хурдан үр дүн өгөх ч илүү хүчтэй учраас арьсыг эмзэгшүүлж, хатаах өндөр эрсдэлтэй байдаг. 

Тиймээс ретинойд дундаа хамгийн сул нь ретинол, дараа нь ретинал бол хамгийн хүчтэй буюу эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх хэлбэр нь ретинойн хүчил байна.

Витамин A-тaй харшлах орц найрлага гэж байдаг уу?

Витамин А хэрэглэж байгаа үедээ хэд хэдэн орцуудаас зайлсхийх хэрэгтэй. Үүнд:

  • AHA (Glycolic acid, lactic acid, malic acid г.м)
  • BHA (Salicylic acid)
  • Benzoyl Peroxide
  • Vitamin C
  • Witch Hazel гэх мэт багтана.

Эдгээрхийг хэрэглэх үедээ ретинолоо хэдэн цагийн зайтай хэрэглэвэл болно. Жишээлбэл витамин С-ээ өглөөдөө хэрэглэж, ретинолоо оройдоо хэрэглэж болно. 

Витамин A-г хэрхэн арьс арчилгаандаа орууулах вэ?

Арьс эмзэгшүүлэх эрсдэлтэй учраас анхлах хэрэглэх үедээ арьс арчилгааны дэглэмдээ бага багаар оруулах хэрэгтэй. Хэрэглэж эхлэхээс өмнө чихний ард хэсэгт болон гарын шуунд түрхэж, тохирох үгүйг харах хэрэгтэй. Ретинол агууламжтай чийгшүүлэгч тосоос өөр төрлийн бүтээгдэхүүн бол хэрэглэсний дараа арьсыг чийгээр хангаж, чийг түгжих төрлийн тос хэрэглээрэй. Гэхдээ бүрхүүл үүсгэгч буюу “occlusive” төрлийн тосноос зайлсхийх хэрэгтэй. Хэрэглэж болох тосууд:

  • Roundlab Mugwort Calming Cream
  • Beplain Multi Hyaluronic Acid Moisturizere
  • IUNIK Beta-Glucan Daily Moisture Cream
  • Beauty of Joseon Dynasty Cream

Өөр анхаарах зүйлс байгаа юу?

Ретинол арьс арчилгаандаа оруулсан тохиолдолд нарны тосоо зайлшгүй хэрэглэж, 2 цаг тутам сэргээхээ мартуузай. Хэрэглэхдээ 7 хоногт 1 удаагаар эхлэн, арьсаа мэдэрж давтамжийг бага багаар нэмэгдүүлнэ.

Витамин Б3 буюу Ниацинамид

Яг юу вэ?

Хүний биед өдөр бүр хуучин эсүүд үхэж, шинэ эсүүд бий болж байдаг. Биднийг хурдан хөгшрүүлж, өвчин авч ирдэг нэг зүйл бол чөлөөт радикалын хуримтлал юм. Эсүүдэд хэт их чөлөөт радикал хуримтлагдах нь “oxidative stress” буюу исэлдэлтийн стресс авч ирж, эсүүдийг хурдан үхэхэд хүргэдэг. Тэгвэл усанд уусдаг буюу ус давамгай бүтэцтэй витамин Б3 нь энэхүү стрессийг багасгаж, эсүүдийг хэт хурдан үхэхээс сэргийлснээр биднийг хамгаалдаг. Улаан мах, тахиа, загас, төрөл бүрийн мөөг, самар, банан гэх мэт зүйлсэд агуулагдаж байдаг.

Тэгвэл арьсанд ямар нөлөөтэй байдаг вэ?

Арьс арчилгаанд орсон үед витамин Б3 буюу ниацинамид нь арьсыг цайруулж, гэрэлтүүлэх, батгашилт бууруулах, антиоксиндант тул хөгшрөлтийн эсрэг ч үйлчилгээ үзүүлдэг. Мөн томорсон нүхжилтийн харагдах байдлыг бууруулж, нарнаас үүдэлтэй нөсөө толбыг бүдгэрүүлнэ. Ихэнх арьсны төрөлд тохирдог ч анхлан хэрэглэх гэж байгаа бол бага хувьтайгаас нь эхлэх нь зүйтэй.

Ниацинамидтaй харшлах орц найрлага гэж байдаг уу?

Ямар нэг орцтой харшилдаг гэсэн хангалттай судалгаа одоогийн байдлаар байдаггүй. Гэхдээ анх удаа идэвхтэй орц найрлага хэрэглэж байгаа тохиолдолд нэг зэрэг олон шинэ бүтээгдэхүүн арьс арчилгааны дэглэмдээ нэвтрүүлсэн тохиолдолд эмзэгшилт үүсдэг.

Ниацинамидыг хэрхэн арьс арчилгаандаа орууулах вэ?

Ниацинамид нь өглөө, оройн аль ч цагт хэрэглэгдэж болдог ба хэрэглэх үедээ нэмэлтээр бусад антиоксидантууд болон арьсны хамгаалах ханыг дэмжих орц найрлагаар баялаг бүтээгдэхүүнүүд хэрэглээрэй.

Өөр анхаарах зүйлс байгаа юу?

Хэрвээ та витамин Б3-ын харшилтай бол ниацинамид хэрэглэх үед хурдан улайж, халуу дүүгэх магадлалтай. 

Провитамин Б5 буюу Пантенол

Яг юу вэ?

Пантотений хүчил буюу витамин Б5 нь хүний биед зайлшгүй шаардлагат, усанд уусдаг буюу ус давамгай бүтэцтэй амин дэм юм. Витамин Б5 үгүй бол өөх тос, нүүрс усыг шингээхэд хүндрэлтэй болж, цусны улаан эс болон бэлгийн даавар ялгаруулалтад сөрөг нөлөөтэй. Харин провитамин Б5 нь витамин Б5-ын өмнөх хэлбэр буюу биеэнд орсныхоо дараагаар Б5 болон хувирдаг.

Тэгвэл арьсанд ямар нөлөөтэй байдаг вэ?

Пантенол буюу провитамин Б5 нь арьсыг чийгшүүлэх, тайвшруулах, зөөллөх, эмзэгшилт бууруулах гэх мэт олон үйлчилгээтэй. Арьсны хамгаалах ханыг мөн сайтар бэхжүүлж өгдөг тул бүх төрлийн арьсанд ашигтай. Гиалуроны хүчил шиг чийгийг өөртөө татах чадалтай бөгөөд үүгээр ч зогсохгүй чийгийг түгжих ч чадалтай. 

Пантенолтой харшлах орц найрлага гэж байдаг уу?

Харшлах орц найрлага байхгүй.

Пантенолыг хэрхэн арьс арчилгаандаа орууулах вэ?

Пантенол арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд түгээмэл ашиглагддаг учраас та аль хэдийнээ хэрэглээд үзсэн байх өндөр магадлалтай. Харшлах, хэрэглэхдээ анхаарах гэх мэт зүйлс байхгүй тул арьс арчилгаандаа ямар ч хэлбэрээр, яаж ч оруулсан болно. Пантенол агуулсан жишээ бүтээгдэхүүнүүд:

  • Beauty of Joseon Calming Serum: Green Tea + Panthenol 
  • Cosnori Panthenol Barrier Cushion
  • Kaine Vegan Collagen Youth Cream

Витамин Б12 буюу Кобаламин

Яг юу вэ?

Витамин Б12 буюу кобаламин нь ДНХ үйлдвэрлэл, бодисын солилцоо, цусны улаан эсийн үүсэл гэх мэтэд чухал үүрэгтэй байдаг. Сүү цагаан идээ, улаан мах, загас, тахиан маханд их хэмжээгээр агуулагддаг.

Тэгвэл арьсанд ямар нөлөөтэй байдаг вэ?

Арьс арчилгаанд орсон тохиолдолд нөсөө толбо бүдгэрүүлэх, өнгөө алдсан эсвэл үрчлээ үүсэж эхлэж буй арьсанд эерэг нөлөөтэй байдаг. 

Кобаламинтaй харшлах орц найрлага гэж байдаг уу?

Харшилдаг гэсэн судалгаа одоогоор хангалттай байхгүй.

Витамин С

Яг юу вэ?

Витамин С нь хүний биеийн эд эсүүдийг нөхөн төлжүүлэх үүрэгтэй нэн ач тустай амин дэм юм. Витамин С-г хүний бие өөрөө үйлдвэрлэх боломжгүй байдаг учраас хоол хүнс болон нэмэлт амин дэмээр бид шаардлагатай Витамин С-г авах шаардлагатай болдог. Бид бүгдээрээ цитрус төрлийн жимснүүд болох жүрж, лемон мөн киви, манго, гүзээлзгэнэ, тарвас зэрэг жимс жимсгэнүүдийг Витамин С болон бусад амин дэмээр баялаг байдгийг мэднэ. Тэгвэл хичнээн их хэмжээгээр Витамин С-р баялаг хоол хүнс хэрэглэсэн ч гэсэн арьсан дээрээ түрхэх нь 20 дахин илүү үр дүнтэй байдаг байна.

Тэгвэл арьсанд ямар нөлөөтэй байдаг вэ?

Витамин С нь зах зээл дээрх хөгшрөлтийн эсрэг хамгийн үр дүнтэй орц найрлагуудын нэгд тооцогддог. Яаж вэ гэхээр тус найрлага нь хүчтэй антиоксидант буюу чөлөөт радикалаас (гадаад орчны бохирдлоос) арьсыг идэвхитэй хамгаалдаг. Үүгээр ч зогсохгүй арьсны нөхөн төлжилтийг дэмжиж, гэмтсэн арьсны эд эсийг төлжүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг. Энгийнээр тайлбарлахад Витамин С нь бидний бие болон арьсыг эрүүл байлгадаг гэсэн үг юм. Энэхүү өндөр үр нөлөөтэй найрлагыг судлаачид мөн нарны хэт ягаан туяанаас хамгаалж, цаашлаад арьсны хорт хавдар тусах магадлалыг ч бууруулдаг болохыг бидэнд сануулдаг. Хүний нас ахих тусам коллаген үйлдвэрлэлт буурч, бид коллагенаа идэвхитэй алдаж эхэлдэг гэдгийг өмнөх нийтлэлээрээ ярьсан билээ. Тэгвэл Витамин С нь арьсны эд эсийг нөхөн төлжүүлдэг учраас коллаген, еластиний үйлдвэрлэлтийг ч мөн дэмжиж өгдөг. Мөн Витамин С-г өдөр тутамдаа хэрэглэснээр арьсны меланин үйлдвэрлэлтийг бууруулдаг учраас нөсөө толбо үүсэхээс сэргийлэх чадвартай байдаг.

Үүгээр ч зогсохгүй Витамин С нь:

  • ихэнхидээ бүх төрлийн арьсанд тохиромжтой;
  • чийгшүүлэх чадвартай;
  • арьсыг гэрэлтүүлдэг;
  • улайлтыг бууруулж, арьсны өнгийнг жигдэлдэг;
  • нөсөө толбыг арилгадаг;
  • нүдний доорх харлалтыг бүдгэрүүлдэг;
  • арьс унжихаас сэргийлдэг;
  • нарны хэт ягаан туянаас хамгаалдаг;
  • нарны түлэгдэлтийг тайвшруулдаг (арьсны нөхөн төлжилтийг дэмдэг учраас, хуучин эд эсийг шинээр нөхдөг);
  • шархийг эдгээхэд тустай зэрэг маш олон давуу талтай.

Олон төрлийн витамин С байдаг. Яг аль төрлийг нь сонгох вэ?

Витамин С-н цэвэр болон дайвар төрлийн хэлбэрүүд байдаг. Цэвэр хэлбэрийг нь “L-Ascorbic Acid” гэдэг. Энэ төрөл нь биологийн хувьд хамгийн идэвхитэй бөгөөд хамгийн их судлагдсан нь юм. “Ascorbic acid” нь арьсанд гүн нэвчих хамгийн өндөр чадамжтай. Энгийн арьсанд pH 4 түвшинд өндөр үр нөлөөгөө үзүүлэх чадвартай байдаг. Харин эмзэг төрлийн арьсанд энгийн pH түвшинд хамгийн ойр 5-7 хооронд сонгож хэрэглэх нь эмзэгшүүлэх магадлалыг бууруулдаг.

Цэвэр “L-Ascorbic” хүчлийг сонгох дараагийн алхам бол концентрацийн агууламжийг нь зөв сонгох. Өнгөө алдсан арьсыг сэргээх, арьсны өнгийг жигдрүүлэхэд 10% хувиас эхлэж болно. 15-20% нь илүү өндөр үр дүн үзүүлэх хэдий ч арьсыг эмзэгшүүлэх магадлалтай. Тослог болон энгийн арьстай хүмүүст “L-Ascorbic” хүчил хамгийн тохиромтжой гэж үздэг бол хуурай, эмзэг арьсанд сөрөг үр дүнтэй байх магадлалтай. Өөрийнхөө арьсыг сайтар ажиглаарай.

Витамин С-н цэвэр төрөл болох “L-Ascorbic”-с бусад төрлүүд нь Витамин С-н дериватив буюу дайвар төрлүүд байдаг бөгөөд тэдгээрийг бусад орцтой нийлүүлж илүү тогтвортой болгосон байдаг. Эдгээр төрлүүд нь арьсанд түрхэх үед задралд ордог ба өөр хоорондоо уусанд уусамтгай чанар болон pH төвшингөөрөө ялгагддаг. Хэрвээ эдгээрийн аль нэг нь тайлбар дээрээ 10% гэсэн бол яг үнэндээ арьсанд зөвхөн 3%-н цэвэр Витамин С ялгаруулах боломжтой гэсэн үг. Эдгээр төрлүүд нь илүү тогтвортой байдаг учраас арьсыг эмзэгшүүлэх магадлал бага. Тэдгээр зарим төрлүүдээс нь тус тусад нь  авч үзье:

  1. Sodium ascorbyl phosphate– аскорбилийн хүчлээс харьцангуй бага идэвхитэй учраас эмзэг арьстай хүмүүст тохиромжтой. Аскорбийн хүчилтэй харьцуулахад агаар, гэрэл, усанд бага хариу урвал үзүүлдэг.
  2. Ascorbyl palmitate– арьсыг гэрэлтүүлэгч суперод хувилбар. Тосонд уусамтгай ба бүх төрлийн арьсанд тохиромжтой. Аскорбийн хүчлээс бага идэвхитэй хэдий ч коллагенийг дэмжих, арьсны өнгийг жигдлэх, гэрэлтүүлэх үйлчилгээг үзүүлдэг.
  3. Magnesium Ascorbyl Phosphate (MAP)– энэ төрөл нь Витамин С-н хамгийн тогтвортой төрлүүдийн нэг бөгөөд арьсыг чийгшүүлдэг төрөл нь. Арьсны үрэвслийг намдаах, тайвшруулах үйлчилгээтэй учраас эмзэг, батга гарамтгай арьсанд тохирно. Арьсны өнгийг жигдлэх, батганы сорвийг багасгах, хар батганаас хүртэл сэргийлдэг. Ниацинамидтай тохирдог цөөн төрлүүдийн нэг.
  4. Sodium Ascorbate- энэ төрөл нь минерал давсны төрөлд багтдаг. Өөрөөр хэлбэл, Аскорбийн хүчлийн сод давс (sodium salt) гэсэн үг бөгөөд арьсанд түрхэх үед аскорбийн хүчил болж хувирдаг. Аскорбийн хүчлээс илүү тогтвортой, арьсыг эмзэгшүүлэх магадлал бага.
  5. Calcium Ascorbate (Ester C)– Аскорбийн хүчлийн минерал давсны төрөл. Коллаген үйлдвэрлэлт дэмжих, арьсны эд эс шархыг эдгээх болон антиоксидант хүчтэй хамгаалагч болдог. Нөсөө толбо арилгах, хялгасан үрчлээг арилгах, чөлөөт радикалын эсрэг үйлчилгээтэй. pH түвшин эрүүл учраас арьсыг эмзэгшүүлэхгүй.

Витамин С-тэй харшлах орц найрлага гэж байдаг уу?

Идэвхтэй орц учраас хамт хэрэглэж болохгүй найрлагууд хэд хэд байдаг. Үүнд:

  • AHA (Glycolic acid, lactic acid, malic acid г.м)
  • BHA (Salycilic acid)
  • RETINOL
  • BENZOYL PEROXIDE
  • SULFUR гэх мэт багтана.

Витамин С-г хэрхэн арьс арчилгаандаа орууулах вэ?

Витамин С-г өглөө, оройны арьс арчилгааны аль алинд ч хэрэглэж болно. Зарим нь өглөө хэрэглэхэд чөлөөт радикал болон нарны хэт ягаан туяаны эсрэг хамгийн идэвхитэй үр нөлөөг үзүүлнэ гэдэг бол зарим нь орой хэрэглэх нь Витамин С хамгийн дутмаг үе учраас зүйтэй гэж үздэг. Өглөө хэрэглэж байгаа үед нарны тосоо заавал түрхэхээ битгий мартаарай. Витамин С-г өдөр бүр аль эсвэл өнжөөд нэг хэрэглэхийг зөвлөдөг. Чийгшүүлэгч тосноос илүү серум нь арьсанд илүү өндөр үр нөлөөг үзүүлдэг. 6. Өөр анхаарах зүйлс байгаа юу?

  • Аскорбийн хүчил нь усанд уусамтгай бөгөөд гэрэл болон агаарт исэлддэг учраас гэрэлт нэвтэрдэггүй, агаарын хамгаалалттай савлагаатай бүтээгдэхүүнийг сонгоорой.
  • Витамин С-г Витамин Е зэрэг антиоксидантаар баялаг найрлагатай хослуулан хэрэглэвэл илүү өндөр үр дүн үзүүлнэ. Хүчирхэг хослол нь нарны хэт ягаан туяанаас илүү сайн хамгаалах, чөлөөт радикалын эсрэг илүү идэвхитэй ажиллаж, таны хүссэн үр дүнг 2 дахин илүү өгнөө л гэсэн үг.
  • Хэрвээ Витамин С агуулсан бүтээгдэхүүний өнгө нь хувирч агаар, гэрэл зэрэг гадаад хүчин зүйлсийн улмаас хувиралд орсон бол хэрэглэхээс татгалзаарай. Энэ нь Витамин С-н үйлчилгээг идэвхигүй, үр дүнгүй болгосон байна гэсэн үг.

Витамин Д

Яг юу вэ?

Д витаминыг хүний биед зайлшгүй хэрэгтэйг бид бүгд мэддэг байх. Витамин Д нь тосонд уусдаг буюу тос давамгай бүтэцтэй бөгөөд гол үүрэг нь микро эрдэс бодисын шингэцийг тээвэрлэж, сайжруулах юм. Үүний жишээ гэвэл нарийн гэдсэнд Кальци, Магни, Фосфат гэх мэт шингэц муутай элемэнтүүдийг тээвэрлэж, биеэнд шингэхэд нь тусалдаг.

Тэгвэл арьсанд ямар нөлөөтэй байдаг вэ?

Д витамины дутагдал нь биеийн ерөнхий дархлааг муутгаж, үрэвсэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Биеийн дархлаа муутай байх нь эргүүлээд арьсны дархлаанд шууд нөлөөлж, арьс нь хатах, хамгаалах хана гэмтэх гэх мэт уршигуултай. Биед Д витамин зохих хэмжээгээрээ байснаар арьсны эсийн шинэчлэлийг нэмэгдүүлэх, үрэвсэл дарах, арьсыг хамгаалах гэх мэт давуу талуудтай байна. Д витаминыг тос хэлбэрээр түрхэх нь розацеа, экзем, псориаз гэх мэт арьсны өвчлөлүүдэд сайнаар нөлөөлдөг. 

Витамин Д-тэй харшлах орц найрлага гэж байдаг уу?

Д витаминтай тосыг эмчийн заавраар хэрэглэдэг тул арьсны эмчээс асууж, хяналтан дор хэрэглэх шаардлагатай.

Эцэст нь: 

Хүний биед нэмэлтээр авч байх хэрэгтэй амин дэмүүд арьсанд ч мөн адил хэрэгтэй байдаг. Чухам аль төрөл нь танд хэрэгтэй болон тохирохыг арьсны мэргэжилтэнтэй уулзаж дэлгэрэнгүй ярилцаарай. Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөхтэй цаг товлох бол энд дарна уу.